• Ard News
  • Posts
  • Цахим мэдээ 12.30

Цахим мэдээ 12.30

📈 Ард Санхүүгийн Нэгдэлийн 2024 оны онцлох үйл явдлууд 🔖

 

Шинэ 7 хоногийн мэнд ээ! Мөн шинэ оны мэндийг хүргэе та бүхэн дээ. Өнгөрөн одож буй 2024 он доо амжилт бүтээлээр дүүрэн, аз жаргалаар бялхсан, ашиг шимээр арвин байсан гэж итгэж байна.

📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:

  • 📈 Ард Санхүүгийн Нэгдэлийн 2024 оны онцлох үйл явдлууд 🔖

  • 📰 Ard News-тай хамтдаа өнгөрүүлсэн 2024 он 💁🏻‍♂️

Шинэ он гарлаа. Ийнхүү бидний бэлтгэсэн 2024 оны сүүлийн дугаарыг та бүхэн минь тухлан уншина уу. 🤗

  • 2024 оны 12 сарын 20-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс +2.21% , Nasdaq 100 индекс +2.55%-ийн тус тус өсөлттэй байсан бол биткойн энэ долоо хоногт -2.10%-ийн өсөлттэй хаагджээ.

  • Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮14 тэрбумын арилжаа хийгдсэнээс ₮144 сая буюу 1%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.

Ард Санхүүгийн Нэгдэл ХК шинэ жилийн мэндчилгээг хүлээн авна уу 🎄

Эрхэм хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч, харилцагч та бүхэндээ шинэ жилийн мэнд дэвшүүлье!

Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоож, Баян Монголыг бүтээхийг зорьдог Ардын хамт олон 2024 оныг арвин их үйлс, амжилт бүтээлээр үдэж байна. Монголын анхны хувийн даатгалын компани Ард Даатгалын 30 жилийн ой тохиож, Ард Кредит салбарынхаа түүчээллийг үргэлжлүүлж FPO, Ард Бонд, Монголын анхны дебит болон кредит карт гаргагч ББСБ болж, Ард Аппын хэрэглээг улам сайжруулан ажиллалаа. Монголын анхны блокчэйнд суурилсан урамшууллын оноо ардкойны 5 жилийн ой тохиож, экосистемийн хүртээмж өргөжиж, хэрэглээнд түгээмэл ашиглах болов.

Нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсын нийт хүүхэд багачуудад Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцаа, ардкойн олгодог #БидИлүүБайжЧадна аяны хүрээнд Global Dignity Day болон Цойлогсод нэгдлийн залуустай хамтран Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад нэр төрөө эрхэмлэхүйн утга учрыг түгээхийн сацуу хөрөнгө оруулалт, санхүүгийн мэдлэг хүргэж, АрдКидс аппликэйшныг танилцуулав. Финтект суурилан үйлчилгээ үзүүлдэг манай хамт олон эрхэм харилцагчидтайгаа Хөрөнгө Оруулагч Үндэстэн чуулганаараа уулздаг билээ. 2024 оны хувьд Ардын үнэнч харилцагч, хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдадаа нээлттэй арга хэмжээг 4 сарын 22-27-нд Крипто 7 хоног нэртэйгээр хувьцаа эзэмшигчдийн тайлангийн хурлын хамт нээлттэйгээр хийж, 11 сарын 23-нд зохион байгуулагдсан Хөрөнгө Оруулагч Үндэстэн Чуулганаар шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, салбарын чиг хандлага болон шинэ содон мэдээ, хэлэлцүүлэг өрнүүлэн Анрид Медиа, Тэнгэр телевизтэй хамтран ТВ дамжуулалт, сошиал контэнтын тусламжтайгаар илүү олон хүнд хүргэн амжилттай зохион байгууллаа.

Ирж буй 2025 он илүү их эрч хүч, аз жаргал, амжилт түүчээллийг авч ирэх болтугай. Шинэ оноо сайхан угтаарай.

Хөрөнгө Оруулагч Үндэстэн

Хүчтэй. Хамтдаа.

📊 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 📈 АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛИЙН 2024 ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД 🔖

💁🏻‍♂️ Юу болов: Ард Санхүүгийн Нэгдэл ХК болон хамаарал бүхий охин компаниудын энэ онд гаргасан амжилтын хэсгээс эргэн санацгаая.

🔥 Ард Койны шатаалт: 100 сая ардкойн устгалд орж зах зээл дээр эргэлдэж буй нийт ардкойны тоо 4.5 тэрбум болж буурлаа.

🗄️ Ард Кредит ХК FPO гаргав: Ард Кредит ХК нь 2024 онд нэмэлт хувьцаагаа олон нийтэд санал болголоо. Мөн 2024 оны 2-р сарын 14-нд компанийн цэвэр ашгийн 40.5% буюу 1,019,200,000 төгрөгийг ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэж, нэгж хувьцаанд 2.8 төгрөгийн ногдол ашиг олгохоор болсон.

📊 Ард Секритиз ҮЦК ХХК: Уул Уурхайн Биржийн брокерийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлөө авсан мөн Ори Студио компанийн хэрэгжүүлж буй олон улсын стандартад нийцсэн студийг бүтээн байгуулах төсөлд Ард Секюритиз ҮЦК ХХК нь хөрөнгө татан төвлөрүүлэх нэгээхэн үүргийг гардан авлаа.

📑 Crypto Week: 2024 оны 4-р сарын 27-нд Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болж, компанийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэн баталсан. Мөн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны төсөв, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг баталсан байна.

📄 Нээлттэй Бонд: Ард Кредит ББСБ ХК Санхүүгийн Зохицуулах Хорооноос 2024 оны 8-р сарын 2-ны өдөр Нээлттэй Бонд гаргах зөвшөөрлөө авч амжилттайгаар 13.5 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлж чадлаа.

📈 Хөрөнгө Оруулагч Үндэстэн 2024 Чуулган: 2024 оны 11-р сарын 23-нд Ард Санхүүгийн Нэгдэл нь Unread медиа компанитай хамтран "Хөрөнгө Оруулагч Үндэстэн 2024" чуулганыг зохион байгуулсан. Энэхүү арга хэмжээ нь хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид, шинжээчдийг нэгтгэн, санхүүгийн зах зээлийн шинэ чиг хандлага, боломжуудыг хэлэлцсэн томоохон үйл явдал болсон.

🌏 Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх нийгэмлэгт компаниа төлөөлөн оролцлоо: Ард Санхүүгийн Нэгдлийн ТУЗ-ийн дарга Чулууны Ганхуяг нь 2024 оны 11 сарын 28, 29-ний өдрүүдэд Швейцар Улсын Женев хотноо зохион байгуулагдсан Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх нийгэмлэг болох Шинэ Аваргуудын 2024 оны зөвлөгөөнд (New Champions Retreat) компаниа төлөөлөн оролцлоо. Энэхүү арга хэмжээ нь жилдээ нэг удаа Дэлхийн Эдийн Засгийн Форумын төв байранд болдог бөгөөд гишүүн компаниуд нь тэргүүний туршлагаасаа хуваалцаж, өөрийн үйл ажиллагаандаа гаргаж буй ололт, амжилт, шинээр нэвтрүүлж буй технологи, өсөлтийн стратегийнхаа талаар танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэх боломжийг олгодог юм.

Эдгээр амжилт ололт болгоны ард эрхэм харилцагч та бүгдийн итгэл оршин байдгийг дурдах нь зүйтэй байх. Ийнхүү бидний 2024 онд гаргасан амжилтын нэгээхэн хэсгийг тухлан уншиж танилцсан та бүхэн дээ баярлалаа.

📈 БОНДЫН ТУХАЙ ТОВЧХОН: Бонд нь тогтвортой, таамаглаж болохуйц, тодорхой орлого олох боломжтой байдгаараа эрсдэл багатай хөрөнгө оруулалтад тооцогддог.

Холбоо барих утас: 91112677, 86035457

📈 ARD NEWS-ТАЙ ХАМТ : 📰 ARD NEWS-ТАЙ ХАМТДАА ӨНГӨРҮҮЛСЭН 2024 ОН 💁🏻‍♂️

📈 Юу болов: Та бүхэндээ энэ оны сүүлийн дугаараа хүргэж байна. Бидний зорилго уншигч та бүхэндээ хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн онцлох, сонирхолтой мэдээ мэдээллийг бэлтгэн хүргэж та бүхний сонорт хүргэхийг зорьдог билээ.

🗓️ 2024 онд: Он гарснаас хойш бидний бэлтгэн гаргасан цахим мэдээ 7 хоног болгоны даваа гаригийн өглөөний 7 цагт уншигч та бүхний сонорт хүрсээр хэдийнээ 54 удаагийн цахим мэдээг бэлтгэн хүргэж уншигч та бүхний хүртээл болжээ.

👋🏻 Шинэ уншигчид Сайн уу?: Энэ онд бид 4500 шинэ уншигчидтай болж бидний уншигчдын хүрээ үлэмж хэмжээгээр нэмэгдсэнд туйлын таатай байна. Та бүхнийгээ уйдаалгүй цаг үеийн хамгийн сонирхолтой гэсэн мэдээ бүрийг бэлтгэн гаргахыг хичээдэг шүү.

🧐 Хамгийн шилдэг нь: 2024 оны бидний бэлтгэн хүргэсэн цахим мэдээллийн хамгийн өндөр хандалттай мэдээгээр 3-р сарын 4-ний өдрийн 📜УОРРЕН БАФФЕТЫН 2024 ОНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ЗОРИУЛСАН ЗАХИДАЛ” хэмээх мэдээ болжээ.

🙄 Сүүлд нь… Бид та бүхэндээ бэлтгэн хүргэдэг цахим мэдээгээ сайжруулж, уншигч таны сонорт хүргэх мэдээллийг олон төрөлт сонирхолтой мэдээллээр баяжуулсан байх болно. Мөн биднийгээ үргэлж дэмжин ирсэн уншигч, үзэгч та бүхэндээ гүнээ талархал илэрхийлье. Ard News цахим мэдээ нь Ард Секюритиз ҮЦК ХХК-аас бэлтгэн хүргэдэг билээ.

Ирж буй ондоо улам их, сонирхолтой мэдээ мэдээллээр дүүрэн эргэн уулзахын ерөөл дэвшүүлэн энэ оны сүүлийн цахим мэдээгээ өндөрлөе.

Ард Секюритиз ҮЦК ХХК шинэ жилийн мэндчилгээг хүлээн авна уу 🎄

Эрхэм хүндэт Харилцагч танаа,

Улиран өнгөрч буй 2024 онд бидэнд итгэн хамт байсан танд талархсанаа илэрхийлье.

Манай компанийн хувьд Монгол улсын хөрөнгийн зах зээлийн хөгжилд түүчээлэн оролцож, бүхий л үзүүлэлтээ өсгөж чадсан жил боллоо. Энэ бүхэн та бидний хамтын ажиллагаатай салшгүй холбоотойг манай ажилтан нэг бүр гүнээ ухамсарлан ажилладаг гэдгийг хэлэхийг хүсэж байна.

Айлчлан ирж буй 2025 он та бидний хамтын ажиллагаа улам бэхэжсэн, ажилттай түншлэлээр өрнүүн, аз жаргал оргилсон жил болно гэдэгт итгэлтэй байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэнийг цогцлоох их үйлсэд гар бие оролцож буй танд болон таны гэр бүлд шинэ оны мэндийг хүргэе!

Ард Секюритиз ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Х.Билгүүн

2024 ОНЫ ОНЦЛОХ ТОВЧ МЭДЭЭНҮҮД

🏛️ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН 33 ЖИЛИЙН ОЙ. 2024 оны 1-р сарын 18-нд Монголын Хөрөнгийн Бирж (МХБ) үүсгэн байгуулагдсаны 33 жилийн ойд зориулсан цан цохих ёслол зохион байгуулагдсан.

🏔️ УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖАА ЭХЭЛСЭН. 2024 оны 6-р сарын 6-нд зэсийн баяжмалын анхны арилжааг нээх цан цохих ёслол болж, Монголын Хөрөнгийн Бирж дээр зэсийн баяжмалын арилжаа эхэлсэн.

📊 “ГАЙХАМШИГТ 7” ҮРГЭЛЖИЛСЭН НОЁРХОЛ. Apple, Amazon, Alphabet, Meta, Microsoft, Tesla, Nvidia зэрэг технологийн шилдэг 7 компани 2024 онд нийлээд 34%-иар өссөн байна. AI-тай холбоотой эрэлтээс шалтгаалан Nvidia дангаараа 177%-иар өссөн байна. Энэ бүгд S&P 500 индексийн үнэлгээний 33%-ийг дангаараа эзэлж байгаа нь түүхэн дээд үзүүлэлт боллоо.

🪙 КРИПТОВАЛЮТЫН ТҮҮХЭН ХАНШ. Орос болон бусад улс орнууд олон улсын төлбөр тооцоонд криптовалютыг ашиглахаа зарлаж мөн АНУ-ын шинэ ерөнхийлөгч сонгогдсон зэрэг нөлөөлж Биткойны ханш түүхэн ханш 100,000 долларт хүрлээ.

КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 🗓️

Эх сурвалж: Investing.com

/ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор