Цахим мэдээ 8.07

Шинэ долоо хоногийн мэнд ээ. Өнөөдөр “Олон Улсын Аз Жаргал Тохиолдуулах Өдөр” гэнэ шүү. Энэ өдрийг өөртөө болон бусдад инээмсэглэл бэлэглэж, өөрт байгаа бүхэндээ талархаж өнгөрүүлээрэй. 😇

ЗАХ ЗЭЭЛ

Ардын нээлттэй компаниудын арилжааны дүн өмнө долоо хоногт ₮74.2 саяд хүрсэн нь МХБ-ийн нийт арилжааны 0.14%-ийг эзэлсэн байна.

ДЭЛХИЙ ДАХИНД: FITCH RATINGS АНУ-ЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙГ БУУРУУЛЛАА

Зээлжих зэрэглэлийг тогтоогч томоохон гурвалд “Moody’s”, “Standard & Poor’s” ба “Fitch Ratings” нар ордог билээ. Анх 2013 онд S&P АНУ-ын зээлжих зэрэглэлийг ‘AAA’-с ‘AA+’ хүртэл бууруулж байсан түүхтэй. Гэтэл өмнө долоо хоногт Fitch Ratings үүнийг давтаж, тус улсын зээлжих зэрэглэлийг мөн ‘AAA’-с ‘AA+’ хүртэл буурууллаа.

Яагаад?

  • Төсвийн доройтол: Fitch-ийн үзэж буйгаар, АНУ-ын засаглалын стандарт, тэр тусмаа төсвийн нөхцөл байдал, өр зээлийн асуудал сүүлийн 20 жилийн турш доройтсоор ирсэн бөгөөд ирэх 3 жилд бүр л дордох төлөвтэй байгаа гэнэ. 👀

  • Өрийн таазны хэлэлцээр*: АНУ 5 сард өрийн таазны хямралд орж, нэлээдгүй шуугиан болоод байсан билээ. Тухайлбал, засгийн газрын өр хуримтлагдсаар, хязгаартаа тулж очиход маш ойрхон байв. Үүнийг шийдвэрлэхээр ерөнхийлөгч Жое Байден болон АНУ-ын Бүгд Найрамдах нам хоёр талын хэлэлцээр байгуулж, 2025 он хүртэл $31.4 их наядын хязгаартай өрийн таазыг түр түдгэлзүүлэх шийдвэр гаргасан юм. Гэвч Фитчийн үзэж буйгаар 2025 он гэхэд АНУ-ын засгийн газар энэ асуудлыг шийдвэрлэж амжихааргүй байгаа аж.

    *Өрийн тааз: Засгийн газар үйл ажиллагаагаа санхүүжүүлэхийн тулд зээлж болох мөнгөний дээд хэмжээ бөгөөд энэ хэмжээг АНУ-ын Конгрессоос тогтоодог.

Нөгөө өнцгөөс: Сангийн сайд Жанет Йеллен тус шийдвэрийг эсэргүүцэж, “дур зоргоороо, хуучирсан мэдээлэл дээр үндэслэсэн” хэмээн байр сууриа илэрхийлжээ. Тус шийдвэр АНУ-ын нэр хүндэд халдаж, эдийн засагт сөргөөр нөлөөлөхийг завдаж байна хэмээн олон нийт Fitch Ratings-ийг буруутгаж байгаа аж. 🧐

Эцэст нь… 2011 онд АНУ-д мөн л өрийн таазны асуудал яригдаж, эдийн засаг тааруухан байсны улмаас S&P тус улсын зээлжих зэрэглэлийг бууруулж байсан. Гэвч энэ шийдвэр олон нийтийн төсөөлсөн шиг хөрөнгийн зах зээл, эдийн засгийн нөхцөл байдалд тийм ч муугаар нөлөөлөөгүй ба үүнд санаа зовних хэрэггүй хэмээн “Raymond James” хөрөнгө оруулалтын банкны шинжээч Эдвард Миллс зөвлөлөө.

ШИНЭ РЕКОРД: ДЭЛХИЙН НИЙТ ӨРИЙН ХЭМЖЭЭ $305 ИХ НАЯДАД ХҮРЧЭЭ 🫣

Энэ тоо цаашдаа ч буурах төлөвгүй байгаа юм байна.

Дэлгэрүүлбэл, 2027 он гэхэд дэлхийн засгийн газруудын нийт өр нь бүх ДНБ-ий 99.5 хувьд хүрнэ хэмээн шинжээчид үзэж байгаа аж. 🌍

3 жилийн өмнө буюу 2020 онд дэлхий даяар эдийн засгийн хүнд нөхцөл байдалтай тулгарах үед энэ тоо 99.8%-д хүрч байжээ. Гэвч үүнээс хойш эдийн засаг тогтворжиж, тус харьцаа буурсан байна.

Өндөр хөгжилтэй орнуудын хувьд:

  • 🇺🇸 АНУ-ын нийт өрийн хэмжээ нь аль хэдийн ДНБ-ий 100%-ийг давж, тэнгэрт халиад өгчээ.

  • 🇨🇳 БНХАУ-ын хувьд харьцангуй бага байгаа хэдий ч 2027 он гэхэд мөн л 100% давах төлөвтэй байна.

Ямартай ч…

2027 онд энэ харьцаа 2020 оны үеэс доогуур байх төлөвтэй байна. Гэвч нөгөө талаас томоохон эдийн засагтай орнуудад хүндрэл тулгарч магадгүй хэмээн судлаачид үзэж байна. Учир нь тэдний өрийн харьцаа хөгжиж буй орнуудтай харьцуулбал хэд дахин өндөр бөгөөд цаашлаад инфляци өссөнөөр хүүгийн зардал өсөж, санхүүгийн дарамтанд орох эрсдэлтэй юм.

БИДНИЙ ОНЦОЛЖ БУЙ ИНСТАГРАМ ХАЯГ: @EXCELDICTIONARY

Та Excel дээр гарамгай ажиллаж сурахыг хүсдэг бол энэхүү хаягийг нэг сонирхоод үзвэл харамсахгүй шүү!

МЭДҮҮШТЭЙ

  • 👞Birkenstock IPO: Дэлхийн алдартай гутал үйлдвэрийн компани болох Birkenstock нь 9-р сард 8 тэрбум ам.долларын IPO-гоо зарлах гэж байна.

  • 🇺🇸Монгол улс ба АНУ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д зочлохдоо газрын ховор элементийн худалдаа арилжаагаа өргөжүүлж, хамтран ажиллагаагаа бэхжүүлэх талаар хэлэлцжээ. Мөн тэрээр Теслагийн гүйцэтгэх захирал Илон Масктай уулзах гэж байгаа гэнэ. 😲

ЭДИЙН ЗАСГИЙН ХУАНЛИ

8.10 Пүрэв гараг: 

  • 🇺🇸 АНУ-ын хэрэглээний үнийн үндсэн индекс (CPI)

CPI нь хүнс ба эрчим хүчнээс бусад бараа, бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтийг хэмждэг ба үйлчлүүлэгчдийн худалдан авалтын хандлага, инфляц зэрэг чухал үзүүлэлтүүдийг тооцоолоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэгвэл тус үнийн индекс энэ жилийн 3 сараас хойш сар бүр буурах трендтэй байгаа бөгөөд 0.2%-0.5%-ийн хооронд байна.

  • 🇺🇸 АНУ-ын ажилгүйдлийн түвшний мэдээ

Ажилгүйдлийн түвшин хүлээгдэж байсан түвшнээс өндөр гарвал америк долларын ханш сулардаг билээ. Харин хүлээлтээс бага гарсан үед ханш чангардаг. Тэгвэл шинжээчдийн таамаглаж байгаагаар ажилгүйдлийн түвшин 3.6% байгаа бөгөөд сүүлийн саруудад 3.4%-3.7%-ийн хооронд тогтвортой байгаа юм.

КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 📅

Энэ долоо хоногт New York Times, Walt Disney, Honda Motors, Novo Nordisk зэрэг томоохон компаниудын хагас жилийн санхүүгийн тайлан гарах гэж байна. Шинжээчид тус компаниудын орлого, нэгж хувьцаанд ногдох ашгийг дараах байдлаар хүлээж байна.

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Та хөрөнгө оруулалтын ГАРЦ хайж байгаа бол бид танд биржийн бус зах зээл дээрх тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт санал болгож байна.

Та доорх холбоосоор орж, мэдээллээ бөглөнө үү. Бид тантай тун удахгүй эргэн холбогдох болно.

Холбоо барих утас: 86035457, 88993003