Цахим мэдээ 7.10

АРДЫН НЭЭЛТТЭЙ КОМПАНИУДЫН АРИЛЖАА

Ардын нийт нээлттэй компанийн арилжаа 7.03-аас 7.07-ний байдлаар ₮89 саяд хүрсэн нь МХБ-ийн нийт арилжааны 5.6%-ийг эзэлсэн байна.

НААДМЫН ДАРАА ХУВЬЦААНЫ ХАНШ УНАДАГ УУ? 🤔

Монголын ТОП-20 индексийн сүүлийн 10 жилийн сар бүрийн дундаж өсөлтийг доорх графикт харуулжээ. Үүнээс харвал баяр наадмын сарууд буюу 1, 7, 12 сарууд бусад саруудаас илүү өсөлттэй байдаг байна.

7 сар бол хүн болгоны хувьд амралт зугаалга, наадмын тухай бодогдуулдаг сар мөнөөс мөн. Тийм ч учраас ихэнх хөрөнгө оруулагчид хөрөнгийн зах зээлд анхаарлаа хандуулах нь багасаж, зах зээл ч идэвх багатай болж эхэлдэг.

Харин намрын улиралд ажил, сургууль эхлэхтэй давхцан хөрөнгийн зах зээл эргээд хөдөлгөөнд орж эхэлдэг хэмээх таамаг олон хүнд бий.

Тэгвэл энэ таамаг үнэн үү?

Доорх хүснэгтэд наадмын өмнөх болон дараах 5 өдрийн өгөөжийг харууллаа. Наадмын өмнөх 5 өдрийн дундаж ханшийн өгөөж -0.05% бол наадмын үеэр -0.26% байдаг.

Үүнийг ТОП-20 индексийн сүүлийн 10 жилийн нэг өдрийн дундаж ханш буюу +0.03%-тай харьцуулж үзвэл наадмын үеэр хувьцаануудын ханшийн хэлбэлзэл багасдаг ажээ.

ТОП-20 индексийн зарим нөлөө бүхий хувьцаануудад юу тохиолддог талаар мөн харж үзье:

  • APU: Тус хувьцааны хувьд наадмын үеэр ханш суларч, үүний дараа буюу намар, өвлийн улиралд сэргэдэг.

  • AARD: Мөн наадмын үеэр ханшийн хэлбэлзэл багатай байдаг бөгөөд намраас эхлүүлэн хувьцааны ханш хүчтэй өсөх дүр зурагтай байдаг.

  • SUU: Тус хувьцаа нь мөн зуны улиралдаа өсөлт тааруу боловч намар, өвөлдөө илүү өсөх хандлагатай байдаг байна.

Эцэст нь…

Наадмын үеэр хувьцааны ханш унаад эргээд өсдөг гэх тогтсон баримт байхгүй ч ТОП-20 индексийн ерөнхий дүр зургийг ажиглавал наадмын үеэр ханш буурч, наадмын дараа өсөх хандлагатай байдгийг бид ажиглалаа.

МОНГОЛ УЛСЫН ЖУУЛЧДЫН ТОО НЭМЭГДСЭЭР… 🛬

Монгол улсад зорчиж буй жуулчдын тоо өмнөх оноос 83%-иар нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, өмнө жилийн I улиралд нийт жуулчдын тоо 4,800 байсан бол энэ жилийн эхний улирлын хувьд 86,000 хүртэлх гадаад иргэд монголд айлчилжээ.

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамны мэдээлснээр 2023 онд нийт 1,000,000 жуулчин хүлээн авах зорилттой байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл 275,000 гаруй жуулчин Монгол улсын хилээр нэвтэрчээ.

S&P 500 ИНДЕКС АЛЬ САРД ХАМГИЙН САЙН ӨСДӨГ ВЭ?

2023 оны эхний хагас жил өндөрлөж, АНУ хөрөнгийн зах зээл дэх хамгийн бага өсөлттэй сарууд руу орох гэж байна. 1950 оноос хойших түүхэн ханшийн хөдөлгөөнийг харахад 7 сард дунджаар 1.26%-ийн өсөлттэй байсан нь жилийн хамгийн их өсөлттэй саруудын нэг нь болж байна.

Дээрх графикаас харвал:

  • Хамгийн сайн өсөлттэй сарууд: 4, 7, 10, 11 дүгээр сарууд

  • Хамгийн муу өсөлттэй сарууд: 2, 6, 8, 9 дүгээр сарууд

Иймд, хэрэв та 5, 6 сараас эхлэн S&P500-ийн аль нэг хувьцааг эзэмшиж эхэлсэн бол таны хувьцаа 7 сараас өсөж эхлэх магадлалтай юм байна.

ЭДИЙН ЗАСГИЙН ХУАНЛИ

7.12 Лхагва гараг: АНУ-ын 6 сарын инфляцын мэдээ. Өмнөх дүн: 4%

АНУ-ын инфляц сүүлийн 10 сар дараалан унасан ч ХНС бодлогын хүүг 2023 оны эцэс гэхэд 2 удаа нэмнэ гэдгээ мэдэгдсэн. Үүний улмаас хөрөнгийн зах зээлд хэлбэлзэл ажиглагдсаар байна.

7.13 Пүрэв гараг: Ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо. Өмнөх дүн: 248 мянга

ХНС-аас АНУ-ын хөдөлмөрийн зах зээл идэвхтэй байгаагийн улмаас инфляц өсөж магадгүй гэсээр байгаа. Хэрвээ ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо буурах юм бол ХНС бодлогын хүүг өсгөж, хөрөнгийн зах зээлийг унахад хүргэж магадгүй юм.

СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД: ОЛОН УЛСЫН БАНКУУДЫН ҮЙЛДСЭН ХАМГИЙН ЖИГШҮҮРТЭЙ 3 ГЭМТ ХЭРЭГ

  1. HSBC HOLDINGS-ИЙН МӨНГӨ УГААЛТ 💸

2012 оны 7-р сард АНУ-ын Сенат HSBC Холдингийг Мексикийн картелууд, Хойд Солонгос, Куб улсын дарангуйлагчид, Сайдын Арабын террористуудад зориулж мөнгө угаасан хэмээх мэдэгдлийг гаргаж байв.

Тухайн үед HSBC Holdings нь Европ дахь хамгийн том олон улсын банк, санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага байсан бөгөөд АНУ-д 470 салбартай, 4 сая орчим үйлчлүүлэгчтэй байв.

Тухайн үеийн тооцооллоор нэг салбар нэг жилийн дотор дор хаяж 7 тэрбум доллар угаасан гэх мэдэгдэл гарсан байна.

Зөвхөн Мексикийн картелуудаар дамжуулан мөнгө угаасантай холбоотой нэхэмжлэл, эрүүгийн хэрэг үүсгэсэн нь HSBC-д 2012 онд 1.9 тэрбум долларын хохирол учруулсан.

  1. ХЯТАД ДАХЬ ДАЛД БАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА 🏦

Хятадын мөрдөн байцаагчид 200 тэрбум юань буюу 30 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний хууль бус мөнгөн шилжүүлгийг хийдэг далд банкны салбарыг илрүүлжээ.

Энэ хэрэг нь Хятадад 2015 оны 11 сараас хойш 800 тэрбум гаруй юанийн хууль бус шилжүүлэг хийсэн маш олон гэмт хэргийн зөвхөн нэг нь юм.

2016 оны наймдугаар сарын байдлаар тус улсад хууль бус банкны үйл ажиллагааг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор байгуулагдсан Хятадын тусгай ажлын хэсэг нь нийт 450 хүнийг баривчилжээ. Баривчлагдсан хүмүүс далд банк, мөнгө угаах гэмт хэрэг, улс төрийн авлига зэрэг 158 гаруй хэрэгт холбогдсон байна.

  1. LIBOR ХҮҮГИЙН ЛУЙВАР 🇬🇧

LIBOR гэдэг нь банкнууд өөр хоорондоо хадгаламж, зээл байршуулахдаа тооцдог суурь хүү юм. Энэ нь аж ахуйн нэгжийн зээл, оюутны зээл, ипотекийн зээлийн хүүд нөлөөлж болдог.

Хэрэг илчлэгдэхээс өмнө дэлхийн томоохон банкнууд өөрийн мэдээллээ Британийн Банкируудын Холбоонд (BBA) ирүүлж, хүүгийн түвшнийг тооцуулдаг байв. BBA нь хэт өндөр, эсвэл хэт бага хүүгийн хэмжээг няцааж, оронд нь валют, эдийн засгийн байдал гэх мэт олон зүйлийг тооцоолж, хамгийн тохиромжтой байж болох дундаж хүүгийн түвшнийг санал болгодог байв.

Харамсалтай нь BBA зарим олон улсын банкнуудад хуурагдаж байжээ. Зарим банкнууд өөрсдийн мэдээллийг хуурамчаар зохиож, илүү өндөр хүүгийн түвшнийг LIBOR-оос баталгаажуулж авдаг байв. Үүнийг ашиглан аль нэг банк өөр нэг банканд зээл өгөхдөө хэт өндөр хүү тооцоолох, эсвэл хадгаламжийн хэт бага хүү өгөх гэх зэрэг хууль бус байдлаар ашиг хийх боломжтой байжээ.

Энэхүү луйврын гэмт хэргүүд 2012 онд илчлэгдсэн бөгөөд хамгийн том оролцогч нь Deutsche Bank байсан аж. Зөвхөн тус банканд гэхэд нийт $1.74 тэрбумын торгууль ногдуулсан түүхтэй.

АРДЫН ЦАХИМ МЭДЭЭНД НЭГДЭХИЙГ ХҮСВЭЛ ДООРХ ЛИНКЭЭР ОРНО УУ

Та хөрөнгө оруулалтын ГАРЦ хайж байгаа бол бид танд биржийн бус зах зээл дээрх тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт санал болгож байна.

Та доорх холбоосоор орж, мэдээллээ бөглөнө үү. Бид тантай тун удахгүй эргэн холбогдох болно.

Холбоо барих утас: 86035457, 88993003