Цахим мэдээ 1.23

АРДЫН НЭЭЛТТЭЙ КОМПАНИУДЫН АРИЛЖАА 

Ардын нийт нээлттэй компанийн арилжаа 1.23-аас 1.27-ны байдлаар ₮391.1 сая хүрсэн ба МХБ-ийн нийт арилжааны 13.29%-ийг эзэлжээ. 

ДОЛЛАР УНАЖ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ӨСӨЖ ЭХЛЭВ

Хөрөнгийн зах зээл долларын ханшийн эсрэг хөдөлдөг нь доорх графикаас харагдаж байна. Доллар 2022 оны 9 сараас хойш 11% унасан. АНУ-ын төв банк цаашид мөнгөний бодлогоо зөөлрүүлэх хандлагатай байгаа тул доллар сулрах хүлээлттэй байна. Доллар суларснаар хөрөнгийн зах зээл өсөх нэг шалтгаан болж байна. Манай ТOP-20 индекс ч гэсэн S&P 500-тай адил өссөөр байгаа анхаарал татахуйц байна.

НОРВЕГ ХЭРХЭН 1 ИХ НАЯД ДОЛЛАРЫН БАЯЛГИЙН САНТАЙ БОЛСОН БЭ?

Бид Норвег улсыг дэлхийн хамгийн том баялгийн сантайг мэдэх ч хэрхэн тэр сангаа бүтээснийг болон юунд хөрөнгө оруулдгийг тэр болгон мэддэггүй.

Викингийн үед 3 Скандинавын улсаас Норвеги хамгийн ядуу нь байжээ. Аж үйлдвэрийн хувьсгалаас өмнө тэд ихэнхдээ загас барих, хөдөө аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байсан. Норвег хүйтэн уур амьсгалтай, хоол хүнс ховортой тул амжиргааны түвшин тун тааруу байж.

1963 онд Норвегийн засгийн газар Хойд Далайг газар доорх байгалийн баялагтай нь хамт өмчилсөн. 1969 онд далайн гадаргуу доор асар их хэмжээний газрын тос, байгалийн хий байгаа нь тогтоогдсоноор Норвег улс хамгийн том баялгийн сантай болох замаа эхлүүлсэн юм.

1990 онд Норвегийн парламент газрын тосноос олсон орлогоо Government Pension Fund Global нэртэй санд хуримтлуулахыг хуулиар баталсан. Өдгөө энэхүү сангаараа дамжуулж олон улсын хувьцаа, бонд, үл хөдлөх, сэргээгдэх эрчим хүчний дэд бүтэц зэрэгт хөрөнгө оруулж байна.

Баялгийн сангийн зах зээлийн үнэлгээ 1998 онд $23 тэрбум байсан бол 2022 онд $1.2 их наядад хүрчээ. Хөрөнгө оруулалтын багцаар нь харвал: хувьцаа 69%, бонд 28%, үл хөдлөх 3%, сэргээгдэх эрчим хүч 0.1%-ийг эзэлжээ. 2022 онд хөрөнгийн зах зээл уналттай байсан тул үнэлгээ буурчээ.

Гэсэн хэдий ч тэд дэлхийн 69 улсын 9,000 гаруй компанид хөрөнгө оруулж чадсан нь асар том амжилт юм.  Хувьцааны багцыг ихээс нь бага руу эрэмбэлэн харвал: Эхний 3 нь $Apple, $MSFT, $Google байсан бол №9 $Testla, №10 $Meta байжээ. Энэ жагсаалтаас харахад дэлхийн хамгийн том сан хүртэл бидний мэдэх компаниудад хөрөнгө оруулсан нь онцлууштай байна.

ОРЛОГЫН ТАЙЛАНГ ХЭРХЭН ШУУРХАЙ ШИНЖЛЭХ ВЭ?

Орлогын тайлан нь компаниудын гаргадаг 3 чухал тайлангуудын нэг бөгөөд дараах 3 зүйлийг харуулдаг:✔️Борлуулалтын орлого✔️Өртөг болон зардлууд✔️Цэвэр ашиг

Орлогын тайланг уншиж байхдаа: Жилийн эцсийн тайлан уу? Эсвэл улирлын тайлан байна уу гэдгийг анзаарах. Борлуулалтын орлого өсөж байна уу? Эсвэл буурч байна уу? Нийт ашиг өсөж байна уу? Эсвэл буурсан уу? Үйл ажиллагааны зардал хэр өсөж эсвэл буурч байгаа эсэх. Цэвэр ашигөссөн?

Дан ганц мөнгөн дүнг харахаас гадна ашгийн маржныг харах чухал байдаг. Маржныг тооцохын тулд ашгийг борлуулалтын орлогод хуваахад л хангалттай. Ашгийн маржныг ашиглаж бусад компаниудтай харьцуулахад илүү хялбар болдог. АПУ-гийн нийт ашгийн маржнийг харахад 2021 онд 1%-иар өссөн байна. Харин цэвэр ашгийн маржин 5%-иар өссөн нь компани илүү хэмнэлттэй ажилладаг болсныг харуулж байна.

Орлогын тайланг урт хугацаагаар нь харах илүү үр дүнтэй байдаг тул АПУ-гийн сүүлийн 10 жилийн тайланг харууллаа. Хараад байхад 2021 онд бүхий л үзүүлэлт нь сайжирсан харагдаж байна.

ЭДИЙН ЗАСГИЙН ХУАНЛИ 

1.30 Даваа гараг: БНХАУ-ын хөрөнгийн бирж Цагаан сарын дараа нээнэ.

2.01 Лхагва гараг: АНУ-д нэмэгдсэн ажлын байрны тоо. Өмнөх дүн: 234 мянган хүн. Эдийн засаг унаж байгаа өнөөгийн үед энэ тоо буурсаар байх магадлал өндөр байна. АНУ-ын ISM Үйлдвэрлэлийн PMI (1 сар). Өмнөх дүн: 48.4. Урьдчилан таамагласан дүн: 48.2. Энэ тоо 50-иас дээш байвал эдийн засаг тэлж байна гэж үздэг тул түүнээс доош байгаа нь уналтад байгаагийн нэг шинжийг илтгэж байна.

2.02 Пүрэв гараг: АНУ-ын ХНС-ийн бодлогын хүүгийн мэдээ. Өмнөх дүн: 4.50%. Урьдчилан таамагласан дүн: 4.75%. Шинжээчдийн таамгийн дагуу өсгөх хүлээлттэй байгаа тул мэдээний дараа хөрөнгийн зах зээлд тийм ч их хэлбэлзэл авчрахгүй болов уу.

2.03 Баасан гараг: АНУ-ын ажилгүйдлийн түвшин (1 сар). Өмнөх дүн: 3.5%. Урьдчилан таамагласан дүн: 3.6%. АНУ-ын ISM Үйлдвэрлэлийн бус PMI (1 сар). Өмнөх дүн: 49.6. Урьдчилан таамагласан дүн: 3.6%.

✅Хөрөнгөө үнэ цэнтэй байлгах боломжийг танд олгож байна

📍Харилцагч та Биржийн бус зах зээл дээрх хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах холбоос дээр дарна уу.

☎️Холбоо барих: 86035457, 80806296, 86361400