• Ard News
  • Posts
  • Цахим мэдээ 12.04

Цахим мэдээ 12.04

Шинэ 7 хоногийн мэнд. Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээллүүдийг бэлтгэлээ:

  • 👀 Монгол Улсын цаашдын байдал Дэлхийн Банкны нүдээр

  • 🤑 Сая долларын асуулт: Алтны ханш $2,080 давах уу?

Шинэ долоо хоногийг эрч хүчтэй эхлүүлээрэй! 🤩

ДОТООД БА ГАДААДЫН ЗАХ ЗЭЭЛ

  • 2023 оны 12 сарын 1-ний баасан гарагт S&P 500 индекс 0.14%-иар өсөж 4,565.83 нэгжид хаагдсан ба Nasdaq 100 индекс 0.36%-иар буурч 15,924.00 нэгжид хаагдсан байна.

  • Өнгөрсөн долоо хоногт Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдсан нийт дүнгийн 4.09%-ийг Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлжээ.

ЭДИЙН ЗАСАГ: 👀 МОНГОЛ УЛСЫН ЦААШДЫН БАЙДАЛ ДЭЛХИЙН БАНКНЫ НҮДЭЭР

Дэлхийн Банкнаас гаргадаг “Монголын эдийн засгийн тойм” тайлангийн 11 сарын шинэ дугаарт Монгол Улсын эдийн засаг 2023 онд 5.8%, 2024 онд 6.2%-иар өсөх төлөвтэй байна гэж дурджээ.

📈Эдийн засаг эрчимтэй өсөж байгаа ч өсөлт жигд бус хэвээр. Дотоодын эдийн засаг 2023 оны эхний хагаст уул уурхайн салбарын өсөлтөд тулгуурлан эрчимтэй өссөн бөгөөд урьдчилсан үзүүлэлтүүдээс харахад оны сүүлийн хагаст өсөлтийн чиг хандлага хэвээр байна. Гэсэн хэдий ч эдийн засгийн салбаруудын өсөлт жигд бус байгааг онцолжээ.

Уул уурхайн бус салбарын идэвхжил харьцангуй сул байгаа нь эдийн засаг уул уурхайн салбараас хэт өндөр хамааралтай болж, уг салбарын мөчлөгийн хэлбэлзэлд улам ихээр өртөмтгий болсныг харуулж байна.

Дунд хугацаанд эдийн засгийн өсөлт хурдсаж, 2025-2026 онуудад дунджаар 6%-ийг давах төлөвтэй байна. Үүнд Оюу Толгойн олборлолт 2025 он гэхэд энэ оны түвшнээс хоёр дахин нэмэгдэх хүлээлт голлон нөлөөлжээ.

⚠️Эрсдэлүүд: онцлох эрсдэлүүдээс дурдахад, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт хүлээлтээс доогуур байх, нүүрсний оффтейк гэрээний тодорхой бус байдал зэргээс шалтгаалан уул уурхайн экспорт төсөөллөөс бага байх боломжтой.

🌐Дэлхийн банкнаас өгсөн зөвлөмж: инфляцын дарамтыг бууруулж, макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхийн тулд төсвийн тэлэлтийг сааруулах шаардлага байгааг тайлангийн зөвлөмж хэсэгт дурдсан ба ингэснээрээ эдийн засагт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, гадаад хөрөнгийн зах зээлд Монгол Улсад итгэх итгэлийг бэхжүүлэх боломжтой юм.

💻Цахим үйлчилгээний салбар дахь боломж: уг тайлангийн тусгай бүлэгт Монгол Улсын цахим үйлчилгээний салбар дахь худалдааны боломжуудаараа эдийн засгаа төрөлжүүлэх боломжтойг онцолжээ. Программ хангамж хөгжүүлэлт, харилцаа холбоо, цахим сурталчилгааны чиглэлээр давуу талаа өргөжүүлбэл урт хугацаанд Монгол Улс олон улсад цахим үйлчилгээ үзүүлэх боломжтойг дурдсан байна.

ДЭЛХИЙ ДАХИНД: 🤑САЯ ДОЛЛАРЫН АСУУЛТ: АЛТНЫ ХАНШ $2,080 ДАВАХ УУ?

🧈Алтны ханш 2023 онд эсвэл 2024 онд нэг унц нь $2080 давах уу? Энэ бол эгзэгтэй цэгээ гурван удаа шалгаад буцсан үнэт металлын тухай сая долларын асуулт билээ. Түүхээс харахад алтны ханш $2,050 хүрсний дараа огцом унадаг байсан бол 2023 оны эхний хагаст шинэ дээд амжилт тогтоогоод байгаа энэ үед ханш үргэлжлүүлэн буурах уу, аль эсвэл дээд амжилтаа эвдэх үү?

АНУ-ын төв банкны мөнгөний бодлогын тодорхойгүй байдал, хямралын эрсдэл, гадаад улсын нөөцийн арилжаа, долларын ханшийн өсөлт зэрэг үнэт металлын төлөв ба цаашдын чиг хандлагад ихээхэн нөлөөлдөг билээ.

💪$2,080 дээрх хүчтэй эсэргүүцлийн цэг:

2020 онд тахлын оргил үед алтны эрэлт нэмэгдэж, хөрөнгө оруулагчид хөрөнгөө аюулгүй газар рүү оруулахаар металл руу яарснаар алтны үнэ түүхэндээ анх удаа $2,000 хүрсэн билээ. Улмаар $2,075 хүрч дээд амжилт тогтоон буцаж унахдаа $1,676 хүрсэн.

Харин 2023 оны эхний хагаст АНУ-ын банкны хямралаас үүдэлтэйгээр, хөрөнгө оруулагчид дахин аюулгүй хөрөнгө оруулалт хайсанд алтны буцаад $2,046 болсоныг зургаас харж болно.

🔮 2023 оны төгсгөлд алт хэд хүрэх бол?

Түүхээс харахад алтны ханш буцаад унахаар харагдаж байна. АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүдээс харахад жижиглэнгийн худалдаа өсөж буй нь хөдөлмөрийн зах зээл тогтвортой байгааг харуулсан бөгөөд үйлдвэрлэлийн салбар эрчимтэй тэлж байгаа нь АНУ-ын ХНС бодлогын хүүгээ бууруулахаа азнахад хүргэв.

ХНС онд дуустал бодлогын хүүгээ бууруулах магадлал багассан учраас хөрөнгө оруулалтын банкнууд болон шинжээчид 2023 оны алтны таамаглалаа өөрчилжээ.

🤔 Яагаад ханш өссөн бэ?

АНУ болон түүний холбоотнууд ОХУ-ын хөрөнгийг царцаахаар хөдөлж эхэлсэн нь төв банкнуудыг алтыг биетээр худалдан авахад хүргэж зах зээлд эрэлтийг бий болгожээ. Үүний үр дүнд энэ оны 5 сард ханш $2,081 хүрч дээд амжилт тогтоосон.

Сүүлийн саруудад, алтны нөөцөөрөө дээгүүр бичигддэг Турк улсын төв банк валютын нөөцөө нэмэгдүүлэх зорилгоор алтаа зарж эхэлсэн нь ханш буурахад нөлөөлж байна.

🎯 2024 оны ханшийн төсөөлөл:

Алтны үнэ 2024 онд $2,100-оос дээш гарахад нөлөөлж буй хүчин зүйлсийн нэг нь Төв банкнууд мөнгөний бодлогоо сулруулж байгаа явдал. АНУ-ын ХНС энэ жил бодлогын хүүгээ өсгөхдөө удаашралтай байгаа нь 2024 онд хүү буурна гэсэн үг байж болох юм. Зээлийн хүү буурснаар 2024 онд долларыг сулруулж алтны үнийг өсөхөд хүргэнэ.

Үүний нэгэн адилаар Европын болон Английн банкнууд 2024 онд бодлогын хүүгээ өсгөхөө азнаж байна. Мөнгөний ханш сулрах нь алт зэрэг өгөөж өгдөггүй хөрөнгө оруулалтуудад ашигтай бөгөөд энэ ханшийг мэдэгдэхүйцээр өсгөдөг. Төв банкны хатуу бодлого, эдийн засгийн өсөлтийн удаашралт нь алтыг хөрөнгө оруулагчдын анхаарлыг эргэн татахад хүргэдэг талтай.

⌛️ Ирэх 5 жилийн ханшийн төсөөлөл

Зах зээлийн тогтворгүй байдлаас үүдэн ирэх таван жилийн алтны ханшийг урьдчилсан таамаглахад хэцүү. Гэхдээ, сүүлийн жилүүдийн ханшийн түүхээс харахад алт түүхэн ханшаа эвдсэний дараа засвар хөдөлгөөн хийх байдлаар дараагийн дээд ханшийг тогтоодог. Хэрвээ түүх давтагдвал 2025 он гэхэд алтны ханш $2,200 хүрэх магадлал тун өндөр.

БРИКС-ийн бүлэг (Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк) доллароос татгалзаж орлох тэмдэгтийг гаргахаар ярьж эхэлсэн бөгөөд шинэ мөнгөн тэмдэгтийг алтаар баталгаажуулах тухай дурдсан нь алтны эрэлтийг ирээдүйд нэмэгдүүлж магадгүй.

🕵️‍♂️ Алт сайн хөрөнгө оруулалт мөн үү?

Олон жилийн туршид алт нь дэлхий дахины улс төр, эдийн засгийн байдлын тодорхойгүй үед найдвартай хөрөнгө оруулалт байсаар ирсэн. 2020 оноос хойш буюу COVID-19 тахлын эхэн үеэс алтны үнэ ойролцоогоор 30%-иар өсжээ.

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД

👩🏻 Ким Кардашиан өөрийн хувцас загварын ‘Skims’ бизнесээ 4 тэрбум долларын үнэлгээтэйгээр IPO хийхээр төлөвлөж байж магадгүй.

🙏 Алдарт Уоррен Баффеттын баруун гар байсан Чарли Мунгер 99 насандаа таалал төгсжээ. Тэдний хамт үүсгэн байгуулсан Беркшайр Хатавэйн зах зээлийн үнэлгээ өдгөө 784 тэрбум долларын үнэлгээнд хүрсэн юм.

✖️“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн бүрд эзэмшүүлэхийг дэмжсэнгүй

🚀АНУ-ын засгийн газрын үнэт цаасны ханш 2008 оны хямралаас хойш хамгийн их өслөө.

ЭДИЙН ЗАСГИЙН ХУАНЛИ

12.04 Даваа гараг:

АНУ Үйлдвэрийн захиалга (10 сар): эдийн засагчид үзэхдээ үйлдвэрийн захиалгууд 10 сард өмнөх сартай харьцуулахад 2.4%-иар өссөн гэж таамаглажээ. Энэ нь бизнес эрхлэгчид цаашид эрэлт өснө гэж харсан тул үйлдвэрлэлийн нөөцөө нэмэгдүүлэхээр зэхсэнийг харуулж байна. Үйлдвэрийн захиалга нэмэгдсэнээр эдийн засгийн идэвхжил, ажлын байр нэмэгддэг эерэг талтай.

12. 06 Лхагва гараг:

АНУ Гадаад худалдааны тэнцэл (10 сар): Bloomberg-ийн санал асуулгад оролцсон эдийн засагчдын нэгдсэн таамаглалаар АНУ-ын худалдааны тэнцэл өмнөх сараас мэдэгдэхүйц өсөж 10 сард -79.5 тэрбум долларт хүрэх төлөвтэй байна. АНУ-ын хувьд гадаад худалдааны алдагдал нэмэгдэж байгаа нь дотоодын эрэлт хүчтэй, долларын ханш суларсан, нийлүүлэлтийн гинжин хэлхээ тасалдсан зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалсан байх магадлалтай. Долларын ханш суларч байгаа нь импортыг хямд болгосноор бизнес эрхлэгчид болон хэрэглэгчдийг гадаадаас бараа бүтээгдэхүүн илүү ихээр худалдан авахад түлхэц болжээ.

12.08 Баасан гараг:

АНУ Ажилгүйдлийн түвшин (11 сар): 11 сард АНУ-ын ажилгүйдлийн түвшин өөрчлөгдөхгүй буюу 3.8% байна гэж таамаглажээ. Гэхдээ ажилгүйдлийн түвшин нэмэгдэхгүй байгаа нь хөдөлмөрийн зах зээл асуудалгүй байна гэсэн үг биш юм. Энэ нь нөгөө талаас зах зээл дээр зөвхөн бага цалинтай, цагийн ажил олдож байгаа учир хүмүүс өөрийн ур чадвар, туршлагад тохирохгүй ажилд орж байгааг илтгэдэг.

КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 📅

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор

🌐 Монгол Улсын төдийгүй дэлхийн хөгжлийг технологи шийдвэрлэж байгаа энэ цагт ирээдүйнхээ эзэн нь болох боломжийг олгож байна.

Холбоо барих утас: 86035457, 9008108