• Ard News
  • Posts
  • Цахим мэдээ 11.03

Цахим мэдээ 11.03

Шинэ 7 хоногийн мэнд. Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээллүүдийг бэлтгэлээ:

  • Биткойн яагаад буцаад огцом өсөв?

  • ХНС-ийн шийдвэр ямар нөлөө үзүүлэв?

Шинэ долоо хоногийг эрч хүчтэй эхлүүлээрэй! 🤩

ДОТООД БА ГАДААДЫН ЗАХ ЗЭЭЛ

  • 2023 оны 11-р сарын 3-ны баасан гарагт S&P 500 индекс 5.58%-иар өсөж 4,358.34 нэгжид хаагдсан ба Nasdaq 100 индекс 6.48%-иар өсөж 15,099.00 нэгжид хаагдсан байна.

  • Өнгөрсөн долоо хоногт Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдсан нийт дүнгийн 3.90%-ийг Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлжээ.

КРИПТО ЗАХ ЗЭЭЛ: БИТКОЙН ЯАГААД БУЦААД ОГЦОМ ӨСӨВ?

🚀 CNN Bussiness-т мэдээлснээр биткойны ханш сүүлийн 14 хоногт 27%-иар өсөж 35,000 долларт хүрсэн нь 2022 оны 5 сараас хойших дээд түвшин юм. Хөрөнгө оруулагчид хяналт багатай, эрсдэлтэй FTX, Binance зэрэг биржээр бус уламжлалт хөрөнгийн биржээр дамжуулж авах боломжтой болж байгаа нь биткойны ханшийг он гарснаас хойш 2 дахин өсөхөд нөлөөлсөн байна.

📀 Биткойн ETF. Хамгийн сүүлд олон улсын хамгийн том хөрөнгө оруулалтын сангуудын нэг болох BlackRock биткойны биржээр арилжаалагддаг сан буюу ETF авах зөвшөөрөл хүссэн нь криптовалютын зах зээлийг илүү албан ёсны хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн болоход хувь нэмэр оруулжээ. BlackRock нь цорын ганц биткойны ETF үүсгэх сонирхолтой байгууллага биш ч олон их наядын сан удирдсан хамгийн том нь юм.

Хэдийгээр биткойнтой холбоотой хууль, хяналтын асуудал шийдэгдэх хол байгаа ч нөхцөл байдал тодорхойгүй өнөөгийн үед хөрөнгө оруулагчдад хөрөнгөө хамгаалах нэг сонголт болж өгдөг.

🤑 Хязгаарлагдмал нөөц хүчтэй эрэлтийг үүсгэж магадгүй. Биткойны нөөцийн 70% буюу ихэнхийг нь урт хугацаат хөрөнгө оруулагчид эзэлдэг тул биткойны ETF-ийн зөвшөөрөл гарснаар эрэлт огцом өсөж, ханш нэмэгдэхэд хүргэж магадгүй гэж Investing.com нийтэлсэн байна.

ДЭЛХИЙ ДАХИНД: ХНС-ИЙН ШИЙДВЭР ЯМАР НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭВ?

🗽 ХНС бодлогын хүүгээ 5.5% хэвээр үлдээх шийдвэр гаргасан бөгөөд үүнд инфляц 3.7% хүрч буурсан нь голлох нөлөөг үзүүлэв.

❔ Яагаад бодлогын хүүг нэмэгдүүлсэнгүй вэ? ХНС-ийн ерөнхийлөгчийн мэдэгдсэнээр эдийн засгийн өсөлт төсөөлж байснаас өссөн ч санхүүгийн нөхцөл байдал сүүлийн үед илүү хүндэрсэн нь хөдөлмөрийн зах зээл болоод инфляцад нөлөөлж эхэлж байгааг онцолсон. Сүүлийн хэдэн хэдэн сард засгийн газрын үнэт цаасны өгөөж болон долларын ханш чангарч, хөрөнгийн зах зээл унасан нь төв банкны хатуу мөнгөний бодлогыг өмнөөс хийгээд өгч байгаа талаар шинжээчид дурдаж байна. Бодлогын хүүгийн эдийн засагт үзүүлэх нөлөө тодорхой хэмжээний хоцрогдолтой байдаг тул ХНС одоохондоо нэмэлт мэдээлэл гартал хүлээлтийн байдалд буйгаа мэдэгдсэн билээ.

🥊 Бодлогын хүүгийн мэдээ гарсны дараа хувьцаа болон бондын зах зээл 11 сарыг хүчтэй эхлүүллээ. 10 жилийн хугацаатай бондын өгөөж 4.76% болж сүүлийн 15 хоногийн доод түвшинд хүрсэн. Ингэснээр S&P 500 индексийн бүх салбарт өсөлт ажиглагдсан ба түүний дундаас бодлогын хүүнд эмзэг үл хөдлөх хөрөнгийн хувьцаанууд хамгийн ихээр (3 гаруй хувиар) өссөн байна. Дээрээс нь бондын ханш өгөөжийн эсрэг хөдөлдөг тул өгөөж буурснаар бондын зах зээл 2 жил унасны эцэст сэргэх шинжтэй боллоо.

✈️ Бодлогын хүүг өсгөөгүй нь хөрөнгө оруулагчдын айдсыг түр дарсныг ХНС-ийн шийдвэр гарсан өдрийн зах зээлийн хөдөлгөөнөөс харж болно. Нэг өдрийн дотор Nasdaq индекс 1.6%, S&P500 1.1%, Dow jones 0.7%-иар тус бүр өссөн байна.

🧐 ХНС хэзээнээс мөнгөний бодлогоо зөөлрүүлэх шинжтэй байна? АНУ-ын эдийн засаг сүүлийн 2 жилд ажиглагдаагүй хурдтай өссөнд төв банкны зүгээс хатуу мөнгөний бодлогыг урт хугацаанд үргэлжлүүлэх санаатай байгаа боловч шинжээчид 2024 оны сүүлийн хагаст бодлогын хүүг бууруулж эхэлнэ гэсэн хүлээлттэй байна.

🔮 Factset-ын шинжээчдийн тооцолсноор ирэх оныг дуустал ХНС бодлогын хүүгээ үе шаттай бууруулах бөгөөд 2024 оны сүүл гэхэд одоогийн байгаагаас 0.7%-иар буурах магадлалтай.

🏠️Ипотекийн зээлийн хүү хэдийгээр ХНС-ийн хүүтэй шууд холбоогүй боловч 10 жилийн ЗГҮЦ-ны өгөөжөөс ихээхэн хамаардаг ба сүүлийн хэдэн долоон хоногт ЗГҮЦ-ны хүү өссөнтэй холбоотойгоор ипотекийн хүү ч мөн адил өсжээ.  

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД

🎴 Япон улсын инфляц таамаглалаас давж 10 сард өмнөх оны мөн үеэс 2.7%-иар өссөв. Сүүлийн саруудад Орос-Украины дайн болон бусад хүчин зүйлсээс шалтгаалж эрчим хүч, түүхий эдийн өртөг ихээхэн нэмэгдсэн нь Япон улсад олон төрлийн бараа, үйлчилгээний үнэ өсөхөд хүргэжээ.

🌭 Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК (CUMN) нэмж хувьцаа гаргана.

🖥️ AMD-ийн хиймэл оюун ухааны чип ирэх жилээс 2 тэрбум долларын борлуулалт хийх төлөвтэй гэсэн мэдээ гарснаар хувьцааны ханш 9%-иар өсөв.

💳️ Paypal-ийн ирэх жилийн ашгийн төсөөлөл шинжээчдийн хүлээж байснаас илүү байснаар хувьцааны ханш өсөв.

🍎 Apple-ийн борлуулалтын орлого 4 улирал дараалан буурснаар хувьцааны ханш 3% унав.

ЭДИЙН ЗАСГИЙН ХУАНЛИ

11.06 Даваа гараг:

БНХАУ Худалдааны тэнцэл: 2023 оны 9 сард БНХАУ-ын худалдааны тэнцэл хүлээлтийг давж 558.74 тэрбум юань хүрсэн. 10 сард юанийн доллартой харьцах ханш чангарсан нь худалдааны тэнцлийн дүн буурахад нөлөөлсөн гэж ихэнх шинжээчид үзсэн бөгөөд Bloomberg 10 сарын худалдааны тэнцэл 490 тэрбум юань хүрнэ гэж таамаглажээ.

11.07 Мягмар гараг:

ЕХ Үйлдвэрлэгчийн үнийн индекс: Хэдийгээр 9 сард эрчим хүчний үнэ буурч, еврогийн доллартой харьцах ханш суларсан нь импортын бүтээгдэхүүний ханшийг багасгасан ч Орос-Украйны дайны нөлөөгөөр олон улсын худалдааны гинжин хэлхээ доголдолд орсон нь Европын Холбооны үйлдвэрлэгчийн үнийн индекс 9 сард мөн адил өндөр хэвээр үлдэх шалтгаан болсон гэж эдийн засагчид үзэж байна.

11.10 Баасан гараг:

Их Британи ДНБ: Английн эдийн засаг, нийгмийн судалгааны үндэсний хүрээлэн салбаруудын үйлдвэрлэл буурсантай холбоотойгоор 2023 оны III улирлын ДНБ-ний өсөлтийн таамаглалаа 0.2%-оос 0.1% болгон бууруулжээ.

КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 📅

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

🗼Таны МӨРӨӨЛИЙН АЯЛАЛдаа гарах замыг найдвартай, тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт дөтлөх болно.

Та тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт сонирхож байвал доорх холбоосоор орж, мэдээллээ үлдээнэ үү. Бид тантай тун удахгүй эргэн холбогдох болно.

Холбоо барих утас: 86035457, 9008108