• Ard News
  • Posts
  • Цахим мэдээ 10.23

Цахим мэдээ 10.23

Шинэ 7 хоногийн мэнд. Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээллүүдийг бэлтгэлээ:

  • Монгол улсын газар нутгаар байгалийн хийн хоолой дамжин өнгөрөх хэвээрээ юу?

  • АНУ-ын эдийн засаг ирэх 12 сарын хугацаанд хямрах магадлалтай юу?

Өдрийг урам зориг дүүрэн эхлүүлээрэй! 🤗 

ДОТООД БА ГАДААДЫН ЗАХ ЗЭЭЛ

  • 2023 оны 10-р сарын 20-ны Баасан гарагт S&P 500 индекс 1.53%-иар унаж 4,260.75 нэгжид хаагдсан ба Nasdaq 100 индекс 1.89%-р буурч 14,707.00 нэгжид хаагдсан байна.

  • Өнгөрсөн долоо хоногт Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдсан нийт дүнгийн 12.47%-ийг Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлжээ.

ЭДИЙН ЗАСАГ: МОНГОЛ УЛСЫН ГАЗАР НУТГААР БАЙГАЛИЙН ХИЙН ХООЛОЙ ДАМЖИН ӨНГӨРӨХ ХЭВЭЭРЭЭ ЮУ?

🛢️ “Сибирийн хүч 2” нь Оросын Баруун Сибирийн Алтайн бүс нутгаас зүүн хойд Хятад руу байгалийн хийг экспортлохоор төлөвлөж буй байгалийн хийн хоолойн төсөл бөгөөд Монгол улсын нутаг дэвсгэрийг дайрахаар төлөвлөгдсөн юм.

🤝 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монголын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхэд 10 сарын 17-ны өдөр Бээжинд уулзах үеэрээ "Сибирийн хүч-2" төсөлд ихээхэн найдлага тавьж байгаагаа илэрхийлсэн.

😐️ “Нэг бүс, нэг зам”-ын хүрээнд БНХАУ-тай хэлэлцэх асуудлын жагсаалтад “Сибирийн хүч-2” төслийн бүтээн байгуулалт багтсан талаар ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков баталсан боловч уулзалтын төгсгөлд хийсэн хамтын мэдэгдэл дээр БНХАУ-ын талаас ямар нэгэн дорвитой хариу өгөөгүй юм.

Арга хэмжээний хүрээнд "Газпром" болон “Хятадын Үндэсний Газрын Тосны Корпораци”-ийн удирдлагууд болох Алексей Миллер, Дай Хоулян нар хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд уулзалт хийхдээ "Сибирийн хүч-2"-ын хэлэлцээрийн хүрээнд ахиц дэвшил гаргасангүй.

⌛️ Төслийг бүрэн хэрэгжүүлэхэд 12-15 жил шаардлагатай ба өртөг өндөр юм. Зөвхөн хоолойг тавихад 55 тэрбум доллар шаардлагатай ба олборлолт, ашиглалтын зардлыг тусгавал 100 тэрбум доллароор хэмжигдэх юм.

👴 Оросын газрын тос, байгалийн хийн зах зээлийн шинжээч Михаил Крутихин хэлэхдээ: “Бээжин олон жилийн турш Казахстан, Монголын нутгаар хийн хоолой тавих бүх саналыг эрс няцаасаар ирсэн. БНХАУ-ын зүгээс дамжин өнгөрөгч улсыг оролцуулах хүсэлгүй байгаагаа илэрхийлжээ. Иймд, тэд энэ чиглэлээр ОХУ-ын бүх санаачилгыг үл ойшоосон юм. Мөн БНХАУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Сибирийн хүч-2 төслийн талаар нэг ч удаа дурдаж байгаагүй” гэжээ.

ДЭЛХИЙ ДАХИНД: АНУ-ЫН ЭДИЙН ЗАСАГ ИРЭХ 12 САРЫН ХУГАЦААНД ХЯМРАХ МАГАДЛАЛТАЙ ЮУ?

🔮 7 сард ХНС нь өмнөх таамгаасаа эрс ухарч, 2024 онд АНУ-д эдийн засгийн хямрал болохгүй гэсэн урьдчилан таамгийг дэвшүүлсэн байна. ХНС-аас “ирээдүй гэрэлтэй харагдаж байна” гэж мэдээлсэн боловч 10 жил болон 3 сарын хугацаатай ЗГҮЦ-ны өгөөжийн муруйн зөрүүнээс харахад ирэх 12 сарын хугацаанд эдийн засаг хямрах магадлал 61%-тай байна.

🏦Америкийн компаниуд өөдрөг байр суурь баримталж байгаагаас Goldman Sachs хямрал болох 15% магадлалтай гэж үзсэн бол Bank of America 35-40% гэж үзжээ. 2023 оны II улиралд компанийн удирдлагуудын 92% нь ирэх 12-18 сарын дотор тохиох эдийн засгийн хямралд бэлдэж байсан бол энэ удаад тус үзүүлэлт 84% болж буурчээ.

🎯 Нью-Йоркын ХНС-ийн 1959-2009 оны өгөгдөл дээр хийсэн тооцооллын үр дүнгээс харахад, өгөөжийн муруй эдийн засгийн хямралыг найдвартай урьдчилан таамаглаж байсан түүхтэй.

🌞 АНУ-ын худалдан авагчдаас авсан санал асуулгаар 69% нь ирэх жил хямрал болно гэж хариулсан. Гэвч ДНБ-ний 70%-ийг бүрдүүлэгч өрхийн худалдан авалт өссөөр байгаагаас харахад эдийн засгийн цаашдын дүр зураг өөдрөг харагдаж байна.

🌑 Нөгөөтэйгөөр өрхийн өрийн хэмжээ 17 их наяд долларт хүрч рекорд тогтоон, 2023 онд аж ахуй нэгжүүд хаалгаа барих ихэссэн нь эдийн засгийн цаашдын дүр зургийг гутранги болгож байгаа юм.

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД

💳️ Монгол Улс ба БНХАУ-ын хооронд “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх зээлийн хэлэлцээр” хийгдэв.

🏦 Хас банкны нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 23%-иар өсөж 4.4 их наяд төгрөгт хүрсэн байна. Харин цэвэр ашиг 3%-иар өсөж 102 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ.

👗 Говь компани 2023 оны III улиралд 665 сая төгрөгийн алдагдалтай ажиллажээ.

ЭДИЙН ЗАСГИЙН ХУАНЛИ

10.26 Пүрэв гараг:

АНУ ДНБ: I улиралд 2.2%, II улиралд 2.1%-иар өссөний дараа III улиралд илүү буюу 4.1% орчимд өснө гэж таамаглагдаж байна. Энэхүү өсөлтийг өсөн нэмэгдэж буй цалингийнхаа хэмжээгээр тогтвортой зарцуулалт хийж буй хэрэглэгчидтэй холбон тайлбарлаж байгаа билээ.

10.27 Баасан гараг:

АНУ Суурь инфляц: Суурь инфляц 9 сард өмнөх сараас 0.3%-иар өсөх төлөвтэй байна. Morningstar-ын ахлах эдийн засагч АНУ-ын ахлах эдийн засагч Престон Колдуэлл хэлэхдээ, сар бүрийн суурь инфляцын өөрчлөлт 0.2% - 0.3% хооронд хэлбэлзэж байгаа нь инфляц тогтворжиж байгааг харуулж байна гэжээ.

КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 📅

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

🗼Таны МӨРӨӨЛИЙН АЯЛАЛдаа гарах замыг найдвартай, тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт дөтлөх болно.

Та тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт сонирхож байвал доорх холбоосоор орж, мэдээллээ үлдээнэ үү. Бид тантай тун удахгүй эргэн холбогдох болно.

Холбоо барих утас: 86035457, 90081088