• Ard News
  • Posts
  • Цахим мэдээ 10.15

Цахим мэдээ 10.15

💵 Төгрөгийн доллартой харьцах ханш цаашид хэд хүрэх бол?

Шинэ 7 хоногийн мэнд. Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээллүүдийг бэлтгэлээ:

  • Экспорт төсөөлж байснаас өндөр байж эдийн засгийн идэвжил сайжирч, төгрөгийн ханш харьцангуй тогтвортой байна.

  • Хамас-Израилийн дайны улмаас гарч болох эдийн засгийн үр дагаврууд.

Өдрийг аз жаргалтай өнгөрүүлээрэй! 😁 

ДОТООД БА ГАДААДЫН ЗАХ ЗЭЭЛ

  • 2023 оны 10-р сарын 13-ны Баасан гарагт S&P 500 индекс 1.07%-р өсөж 4,355.46 нэгжид хаагдсан ба Nasdaq 100 индекс 1.49%-р өсөж 14,792.28 нэгжид хаагдсан байна.

  • Өнгөрсөн долоо хоногт Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдсан нийт дүнгийн 2.61%-ийг Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлжээ.

ЭДИЙН ЗАСАГ: ЭРДЭС БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН ХЭМЖЭЭ ӨССӨН НЬ МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ ТОГТВОРТОЙ БАЙХАД НӨЛӨӨЛӨВ

📈Экспорт төсөөлж байснаас өндөр байж эдийн засгийн идэвжил сайжирч, төгрөгийн ханш харьцангуй тогтвортой байна. Экспортын нөлөөгөөр гүйцэтгэл сайн байснаас гадна төсвийн зардал нэмэгдсэнээс эдийн засгийн өсөлтийн төсөөлөл нэмэгдлээ.

Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүнүүдийн тоон үзүүлэлт

⛏️ 2023 онд Монгол улс 50 сая тонн нүүрс экспортолно гэж төлөвлөсөн бөгөөд 8 сарын байдлаар 42.64 сая тоннд хүрсэн нь өмнөх онтой харьцуулахад 34% өссөн үзүүлэлт юм. Харин алтны хувьд 8 сарын байдлаар, өмнөх онуудтай харьцуулахад бага буюу 6,8 тонныг экспортолсон нь оны төсөөллийн ердөө 33%-д хүрч байгаа юм. Зэсийн хувьд энэ оны 8 сарын байдлаар манай улс 1,02 сая тонныг экспортолсон ба он дуусахад дахиж 440 мянган тонн экспортлоход л бүтэн жилийн таамаглалаа биелүүлэхээр харагдаж байна.

🚚 Нүүрсний экспортын хэмжээ өмнөх онуудтай харьцуулахад огцом өссөн нь урсгал тэнцэл эерэг гарахад голлон нөлөөлсөн байна. Төлбөрийн тэнцэл сайжирснаар гадаад валютын албан нөөц 2023 оны 9 сарын эцсийн байдлаар 4.13 тэрбум доллар болж, өмнөх оны мөн үеэс 48% нэмэгдэж, ханш тогтворжиход нөлөөлжээ.

Долларын ханш

💵 Төгрөгийн доллартой харьцах ханш өнгөрсөн оны 9 сарын эцэст оны эхнээс 494.75 төгрөгөөр суларсан байсан бол 2023 оны 10 сарын 13-ны байдлаар 3,453.08 төгрөгт хүрч, оны эхнээс 8.48 төгрөгөөр суларсан байна. Экспортоос олсон орлого нэмэгдэж, гадаад валютын цэвэр орох урсгал 2023 оны эхний 8 сарын турш эерэг байгаа нь ханш тогтвортой байх нөхцөл болж байна.

🤔Цаашид ханш хэд хүрэх бол? Хэрвээ экспорт энэ чигээрээ сайжирч, гадаад валютын орлого өсөөд байвал төгрөг ойрын нэг жилдээ хамгийн ихдээ 3,633 төгрөгт хүрч, харин дайн дажин, эсвэл бусад макро хүчин зүйлс эвгүйтвэл 3,804 төгрөг хүртэл суларч мэдэхээр байна.

🚀 ОУВС Монгол улсын эдийн засаг 2023 онд 5.5% өснө гэж үзсэн бол АХБ 2023 онд 5.4%, 2024 онд 6.1% өсөлттэй байна гэж үзсэн байгаа нь ханшийг харьцангуй тогтвортой байх болов уу гэсэн таамаглал дэвшүүлэхэд хүргэж байна.

ДЭЛХИЙ ДАХИНД: ХАМАС-ИЗРАИЛИЙН ДАЙНЫ УЛМААС ГАРЧ БОЛОХ ЭДИЙН ЗАСГИЙН ҮР ДАГАВРУУД

Дайны улмаас үүссэн тодорхой бус байдал хүмүүсийг эрсдэл илүү багатай доллар, алт зэргээс авч хөрөнгө оруулалтаа хамгаалах үзэгдэл өнгөрсөн оны Орос-Украины мөргөлдөөнөөс харагдсан билээ. Алтны ханш өнгөрсөн 7 хоногт 2.25%-иар өссөн нь дээрх үзэгдлийн нэг илрэл болж буй аж.

Харин долларын индекс (DXY) ердөө 0.06%-иар өссөн ч АНУ-ын инфляц сүүлийн 2 сар өссөн нь төв банкийг мөнгөний бодлогоо хатууруулж, долларыг чангарахад хүргэж магадгүй. Хэрвээ геополитикийн асуудал даамжирвал хөрөнгө оруулагчдын итгэл буурч, долларын ханш чангарах эрсдэлтэй юм. Гэвч хөрөнгийн зах зээл өмнө бишгүй удаа дайнуудыг даван туулсан түүхтэй тул урт хугацаандаа зах өсдөгийг санах хэрэгтэй.

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД

⚠️Франц улстай $1.7 тэрбумын ураны уурхайн хэлцэл хийсэн ба 2028 онд ашиглалтад орох боломжтой юм байна.

😨 АНУ-ын инфляц 9 сард 3.7%-д хүрсэн нь хөрөнгө оруулагчдыг бодлогын хүү өсөж магадгүй гэсэн айдсыг төрүүлж, хөрөнгийн зах зээлийг унахад хүргэв.

🚚 БНХАУ-ын экспортын гарц шинжээчдийн таамагласнаас багаар буурсан нь эдийн засгийн уналт тогтворжиж байж болзошгүй гэсэн найдлагыг төрүүлж байна.

ЭДИЙН ЗАСГИЙН ХУАНЛИ

10.17 Мягмар гараг:

БНХАУ ДНБ: Дэлхийн банк 2024 онд Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн таамаглалыг 4.8%-аас 4.4% болгон бууруулж, 2023 оны ДНБ-ий өсөлтийг 5.1% хэвээр хадгаллаа.

АНУ Газрын тосны нөөц: АНУ-ын дотоодын түүхий нефтийн нөөц болон газрын тосны олборлолт их хэмжээгээр нэмэгдэж, дээд амжилт тогтоосон тухай засгийн газар тайланд дурьдсан бөгөөд одоогийн байдлаар 10.176 сая баррель байгаа нөөц 0.5 саяаар өссөн гэж таамаглаж байна.

10.19 Пүрэв гараг:

АНУ ХНС-ийн ерөнхийлөгч Жером Пауэлл мэдэгдэл хийнэ: 10 сарын 31-нээс 11 сарын 1-нд АНУ-ын төв банк бодлогын хүүгийн талаарх дараагийн шийдвэрээ гаргахаас өмнө үг хэлэх юм.

КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 📅

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгө оруулалт хийхээр сонирхож байна уу?
Хаанаас эхлэхээ мэдэхгүй байна уу?

Бид танд биржийн бус зах зээл дээрх ТОГТМОЛ ӨГӨӨЖТЭЙ хөрөнгө оруулалт санал болгож байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоосоор орж мэдээллээ үлдээнэ үү. Бид тантай эргэн холбогдох болно.

Холбоо барих:
86035457