• Ard News
  • Posts
  • Цахим мэдээ 01.01

Цахим мэдээ 01.01

МУ-ын инфляц ба эдийн засгийн цаашдын төсөөлөл

Шинэ 7 хоногийн мэнд! Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:

  • 📊 МУ-ын инфляц ба эдийн засгийн цаашдын төсөөлөл.

  • 📀 Биткойн хагаслах процесс гэж юу вэ?

Шинэ долоо хоногийг эрч хүчтэй эхлүүлээрэй! 🤩

ДОТООД БА ГАДААДЫН ЗАХ ЗЭЭЛ

  • 2024 оны 1 сарын 5-ны баасан гарагт S&P 500 индекс 1.96%-иар унаж 4,676.20 нэгжид хаагдсан бол Nasdaq 100 индекс 3.63%-иар унаж 16,214.00 нэгжид хаагджээ.

  • Өнгөрсөн долоо хоногт Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдсан нийт дүнгийн 17%-ийг Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлжээ.

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 📊 МУ-ЫН ИНФЛЯЦ БА ЭДИЙН ЗАСГИЙН ЦААШДЫН ТӨСӨӨЛӨЛ

Эх сурвалж: Инфляцын тайлан 2023-12 сар, Монголбанк

📜 2024 оны батлагдсан төсвийн мэдээллээр ирэх онд төсвийн зардал нэмэгдэх, тэр дундаа өндөр настны тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалин үргэлжлэн өсөхөөр байгаа нь дотоод эрэлтийг урамшуулж, инфляцын дарамтыг нэмэгдүүлнэ гэж Монголбанк үзжээ.

🎓️ Мөн боловсролын үйлчилгээний үнэ 3 дугаар улиралд сүүлийн 10 жилийн дунджаас 2 дахин өндрөөр өссөн нь ирэх улирлуудад хүнсний бус инфляц өмнөх төсөөллөөс нэмэгдэх нэг хүчин зүйл болж байна. Түүнчлэн, ирэх онд импортын барааны үнэ эргэн өсөхөөр хүлээгдэж байгаа нь инфляцын төсөөлөл нэмэгдэхэд нөлөөлсөн байна.

📊 Ирэх онд импортын барааны үнэ өсөх, төсвийн төлөв сулрах зэргээс шалтгаалан инфляцын буурах хурд удаашрах төсөөлөлтэй байна. Нийлүүлэлтийн аливаа төрлийн шок үүсэхгүй, цаг агаарын нөхцөл байдал хэвийн байна гэж үзвэл хүнсний инфляц 2023 оны өндөр өсөлттэй байсан үеэс буурахаар хандлагатай байна. Харин уул уурхайн бус салбарын сэргэлт, төсвийн зардлын тэлэлт, төгрөгийн ханш сулрал зэргийн нөлөөгөөр хүнсний бус инфляц нэмэгдэхээр хүлээлттэй байна.

🛢️ Шатахууны үнийн хувьд дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ буурах, Монгол Улсын ОХУ-тай хийсэн АИ-92 шатахууныг хөнгөлөлттэй үнээр худалдан авах гэрээ хүчинтэй хэвээр байна гэж үзвэл шатахууны үнийн өсөлт 2024 онд нам түвшинд хадгалагдахаар байна.

🏦 2025 онд уул уурхайн бус салбарын идэвх суларснаар дотоодын эрэлт муудах, олон улсын зах зээл дээрх газрын тосны үнэ болон гадаад инфляц буурах зэргээс шалтгаалан инфляц саарч, Төв банкны зорилтот түвшний дээд интервалын орчимд хэлбэлзэх хүлээлттэй байна.

Эх сурвалж: Инфляцын тайлан 2023-12 сар, Монголбанк

⛏️ Уул уурхай: Нүүрсний экспорт энэ онд түүхэн дээд түвшинд хүрч, олборлолт нэмэгдэхээс гадна зэсийн баяжмал, газрын тосны экспорт өмнөх оноос сайжирч, уул уурхайн салбар 2024 онд 28.7%-иар өсөхөөр байна. Ирэх онд зэсийн баяжмал болон баяжмал дах зэс, алтны агууламж энэ оноос нэмэгдэх, төмрийн хүдэр, газрын тосны олборлолт сайжирч, уул уурхайн салбарын өсөлтийг тэтгэхээр байна. Зэсийн баяжмалын олборлолт 2025 оноос эрчимжин уул уурхайн салбарын өсөлтийг тэтгэх хүлээлт хэвээр байна.

🏭️ Уул уурхайн бус салбар: Уул уурхайн бус салбар энэ онд 4.2%-иар өсөх хүлээлттэй байгаа ба батлагдсан төсвөөр төсвийн урсгал болон хөрөнгө оруулалтын зардлууд нэмэгдэхээр байгаа нь дотоод эрэлтийг урамшуулах, импортыг нэмэгдүүлэх нөлөөтэй. Иймд барилга, үйлчилгээ, бүтээгдэхүүний цэвэр татварын орлогын өсөлт энэ оноос сайжрахаар авч үзжээ. Ийнхүү уул уурхайн бус салбарын өсөлт ирэх онд нэмэгдэж, потенциал түвшнээсээ давах бол 2025 оноос хөрөнгө оруулалт буурах, төсвийн төлөв чангарах нөлөөгөөр эргээд саарах төлөвтэй байна.

КРИПТО ЗАХ ЗЭЭЛ: 📀 БИТКОЙН ХАГАСЛАХ ПРОЦЕСС ГЭЖ ЮУ ВЭ?

Эх сурвалж: Relai

💡 Биткойны хагаслах процесс нь шинэ блок олборлолтоос авах урамшуулал хоёр дахин багасах буюу өөрөөр хэлбэл олборлогчид гүйлгээ баталгаажуулах тоолонд 50%-иар цөөн биткойн хүлээн авна гэсэн үг юм. 210,000 блок олборлогдох болгонд 21 сая ширхэг биткойн олборлогдох хүртэл хагаслах процесс явагддаг ба энэ нь ойролцоогоор 4 жилд нэг удаа тохиодог юм.

🤫 Биткойны хагаслах процесс хийгдсэнээр шинээр нийлүүлэгдэх биткойны тоог цөөрүүлэх тул эрэлт их хэвээрээ байвал ханш өсөхөд нөлөөлөх боломжтой байдаг. Хагаслах процесс бүрийн нөхцөл байдал өөр байдаг боловч хагаслахын өмнө болон дараа биткойны ханш ихээхэн хэлбэлзэлтэй учирч байсан.

📆 Энэ удаагийн хагаслах процесс хэзээ болох вэ?

Дараагийн биткойны хагаслах процесс 2024 оны 4 сард болох хүлээлттэй байна. Ингэснээр олборлолтын урамшуулал 6.25 биткойноос 3.13 болж буурах юм. Биткойны олборлолтын хүчин чадлаас шалтгаалж хагаслах өдрийн огноо тодорхой болох тул одоогоор яг хэзээ болох нь тодорхой бус байна. 

Эх сурвалж: Relai

🎢 Өмнө биткойны хуваалт болоход ханшид хэрхэн нөлөөлсөн бэ?

Хамгийн сүүлд биткойны хуваалт 2020 оны 5 сарын 11-нд болсон ба тухайн үед олборлолтын урамшуулал 12.5 биткойноос 6.25 болж 50%-иар буурсан. Энэ нь биткойны нийлүүлэлтийг бууруулснаар ханш $6,877-оос $8,821 болж өсөж байсан юм. Хэдийгээр тухайн үед ихээхэн хэлбэлзэлтэй байсан ч 2021 оны 5 сарын 11 гэхэд ханш $49,504 хүртэл өсөж байсан.

🔮 Энэ удаа тэгвэл биткойны хуваалт ханшид хэрхэн нөлөөлөх бол?

Биткойны ханшид яг хэр зэрэг нөлөөлөх нь тодорхойгүй байгаа ч шинжээчид өмнөх гурван хуваалтын процесстой адил нийлүүлэлт буурснаар ханш өснө гэж харж байна. Ханш ийнхүү өсөхөд гол нөлөөлөх хүчин зүйл бол ях аргагүй хуваалт болох үеэр биткойны эрэлт хэр өндөр байхаас ихээхэн шалтгаална. Зах зээл дээр олон төрлийн крипто валютууд эргэлдэж байгаа тул биткойны эрэлт өндөр биш байх магадлалтай юм.

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД

🍎 Apple компанийн хувьцааны үнэ он гарснаас хойшхоо дөрөвхөн хоногт 2 ч удаа уналаа.

🗽 АНУ-ын улсын өр шинэ дээд хэмжээндээ хүрсэн хэдий ч хоёр намын эрх баригчид татварыг бууруулах талаар хэлэлцсээр байна.

ЭДИЙН ЗАСГИЙН ХУАНЛИ

01.08 Даваа гараг:

АНУ Хэрэглээний зээл (11 сар): 11 сар бол хэрэглээний зардал ихэвчлэн мэдэгдэхүйц өсдөг баярын улирал. 2023 оны 10 сард 5.13 тэрбум доллар байсан бол 11 сард 10.35 тэрбум долларт хүрсэн гэсэн таамаглалтай байна.

01.11 Пүрэв гараг:

АНУ Суурь инфляц (12 сар): Кливленд ХНС-ийн мэдээллээс үзэхэд 12 сарын инфляц өмнөх сарынхаас 0.3%-иар өсөх төлөвтэй байна.

КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 📅

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор

Та тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт сонирхож байвал доорх холбоосоор орж, мэдээллээ үлдээнэ үү. Бид тантай тун удахгүй эргэн холбогдох болно.

Холбоо барих утас: 96407073, 86035457, 9008108