• Ard News
  • Posts
  • Цахим мэдээ 01.01

Цахим мэдээ 01.01

Хөрөнгө оруулалтын банкнyуд 2024 оны өнгийг юу гэж тодорхойлов?

🥳Шинэ оны мэнд хүргэе!!!

Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:

  • 🏦 Хөрөнгө оруулалтын банкнууд 2024 оны өнгийг юу гэж тодорхойлов?

ДОТООД БА ГАДААДЫН ЗАХ ЗЭЭЛ

  • 2023 оны 12 сарын 22-ны баасан гарагт S&P 500 индекс 0.08%-иар өсөж 4,759.99 нэгжид хаагдсан бол Nasdaq 100 индекс 0.01%-иар өсөж 16,780.00 нэгжид хаагджээ.

  • Өнгөрсөн долоо хоногт Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдсан нийт дүнгийн 3.31%-ийг Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлжээ.

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🏦 ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКНУУД 2024 ОНЫ ӨНГИЙГ ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛОВ?

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН 2024 ОНЫ ТӨЛӨВ: ЯЛАЛТАА ТЭМДЭГЛЭХЭД ХЭТ ЭРТ БАЙНА

Зах зээл 2024 оныг тогтвортой өсөлт болон унаж буй инфляцтай золгосноор зөөлөн газардах боломж өссөөр. Гэвч Ж.П.Морганын шинжээчид мөнгөний бодлогын эдийн засагт үзүүлэх нөлөөг хоцрогдолтой явагддаг гэж үзэж байгаа тул ХНС-г инфляцыг ялсан гэхэд хэт эрт байна гэлээ. Тэдний үзэж буйгаар бодлогын хүү 2024 онд бусад шинжээчдийн таамаглаж байгаагаас илүү хожим буурахаас гадна илүү ихээр буурна гэж төсөөлжээ.

2024 онд дэлхий даяар нийт дор хаяж 40 улсад сонгууль болох хүлээлттэй байна. Тэр дундаас 4 орон нь олон улсын хүн ам болон ДНБ-ий 40% эзэлж байна. Сонгуулиуд хөрөнгийн зах зээлд нэлээдгүй нөлөөлсөн түүх бий. Жишээлбэл, Трамп 2017 онд ерөнхийлөгч болохдоо компанийн орлогын татварыг бууруулсан нь зах зээлд ихээхэн өсөлт авчирсан. Гэвч, 2024 он нь ихэнх улс орнуудад төсвийн зардлаа өсгөх боломж олгохооргүй байгаа тул зах зээлд нөлөөлөх хүлээлт бага байна.

Эх сурвалж: Investment Outlook 2024, J.P.Morgan

Дэлгэрэнгүй: Investment Outlook 2024

ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛҮҮДИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВ: ИЛҮҮ ТЭНЦВЭРТЭЙ БАЙХЫН ТӨЛӨӨ

Голдман Саксын зүгээс инфляц дэлхий даяар хэвийн хэмжээнд хүртэл буурсан гэж үзэж байгаа ба одоо харин ХНС-ийн сүүлийн нэг жилийн хугацаанд хэрэгжүүлсэн хатуу мөнгөний бодлого ирэх жил хямрал авчрах эсэхэд анхаарлаа хандуулж байна.

Голдман Саксын шинжээчдийн төсөөлснөөр хувьцаа, бондын өгөөж ирэх жилд илүү байна гэсэн ч таваар хамгийн их өснө гэсэн хүлээлттэй байна. Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн болгон эрсдэлээс сэргийлэх өөрийн гэсэн чанартай байдаг. Хямрал болох магадлал өсвөл бондын ханш өсөх, геополитикийн мөргөлдөөн хурцдах, эсвэл олон улсын эдийн засгийн өсөлт буурвал газрын тосны ханш унах, төв банкнууд бодлогын хүүгээ бууруулбал хөрөнгийн зах зээл сэргэх гэх мэт.

2023 онд бэлэн мөнгөний өгөөжийг гүйцэх хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн цөөн байсан бол ирэх жил харьцангуй олшрох төлөвтэй.

Эх сурвалж: Global Markets Outlook 2024, Goldman Sachs

Дэлгэрэнгүй: Global Markets Outlook 2024

ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВ: БАЙДЛЫГ ГАРТАА АВЧ АШИГТАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХ НЬ

Санхүүгийн хямралын дараах 10 жилийн хугацаанд дэлхий даяар хүчтэй өсөлттэй байсан нь төв банкнуудыг бодлогын хүүгээ түүхэн доод түвшинд байлгах боломжийг олгосноор хувьцаа бондын зах зээлд нэлээдгүй өсөлт авчирсан. Харамсалтай нь өнөөдөр нийлүүлэлтийн хязгаарлалт, өндөр инфляцын улмаас төв банкнууд эдийн засгаа сэргээхээр огцом бодлогын хүүг буулгаж болохгүй нөхцөл байдалд ороод байна. Энэ нь хөрөнгө оруулагчдад тодорхой бус байдлыг үүсгэж байгаа тул БлэкРокын шинжээчид хөрөнгө оруулалтын багцаа илүү анхааралтай бүрдүүлэхийг зөвлөж байна.

Зургийн тайлбар: Цар тахлын дараах шинэ эрин үед авч дарахаас илүүтэй идэвхитэй хөрөнгө оруулалтын арга барил баримтлахыг зөвлөж байна.

Эх сурвалж: 2024 Global Outlook, BlackRock

BlackRock ирэх 6-12 сарын хугацаанд ямар хөрөнгө оруулатын нүүдэл хийхээр төлөвлөсөн бэ?

Эх сурвалж: 2024 Global Outlook, BlackRock

Дэлгэрэнгүй: 2024 Global Outlook

2024 ОНЫ ТӨЛӨВ: СУДАЛГААНД СУУРИЛСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Эдийн засаг гайхшируулж дуусахгүй ч бид нэг зүйлд итгэлтэй байгаа нь: АНУ ба бусад орнуудын бодлогын хүү дээд цэгтээ хүрээгүй бол ойрын хугацаанд хүрнэ. Ийнхүү өсөлт зогсоно. Бид 2024 оныг дөрвөн боломжит хувилбараар зураглав.

Таамаг 1: Хэсэгчилсэн хямрал (60% магадлалтай)

Эдийн засгийн дунд зэргийн агшилтыг даган хэсэгчилсэн хямрал 2024 оны сүүл эсвэл 2025 оны эхээр ажиглагдаж магадгүй. Инфляц зорилтот түвшинд хүрэхээсээ өмнө тодорхой хугацаанд тогтох ба хүүгийн түвшин удаан хугацаанд өндөр хэвээр байж, түүний дараа л төв банкнууд хүүгээ бууруулах ажлаа эхэлнэ. Одоогоор энэ бидний ерөнхий таамаглал.

Хөрөнгө оруулалтын хураангуй: Манай үндсэн хувилбарт хэсэгчилсэн хямрал жижиг ба тансаг хэрэглээний бараа, бүтээгдэхүүн зардаг компаниудад сөргөөр нөлөөлж эдийн засгийн өсөлтийг сааруулна. Хувьцаа (чанар муутай ба жижиг компаниудынхаас бусад) таатай байж магадгүй ба тогтмол орлого өгөх салбар дотроос богино хугацаатай, өндөр чанартай зээл анхаарлын төвд хэвээр.

  •  Мөчлөгт өртөмтгий салбарууд болон газарзүйн эргэн тойронд бага зэрэг болгоомжтой байх

  • Инфляц нэг хэсэгтээ тогтвортой байж магадгүй тул инфляцтай уялдаа хүүтэй бонд таатай байж магадгүй ч бодлогын хүү буурах тусам нэрлэсэн бонд ашгаа өгнө.

  • Үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой үе.

Таамаг 2: Зөөлөн буулт (20% магадлалтай)

Зөөлөн буух хувилбар гэдэг нь томоон улсын эдийн засаг зах зээлд хүчтэй цочрол өгөх хэмжээний биш боловч дунджаас доогуур өсөлт үзүүлэх тухай. Бодлогын хүүг урт хугацаанд өндөр байлгаснаар инфляцыг төв банкнуудын хүссэн түвшинд хүргэнэ. Тэгснээр энэ нь эргээд тэдэнд зээлийн хүүг эргүүлж, бууруулах боломжийг олгож, өртэй айл өрх, компаниудын дарамт буурах юм.

Хөрөнгө оруулалтын хураангуй: Зөөлөн буултын ачаар хөрөнгө оруулагчид олон төрлийн хөрөнгө оруулалт хийх боломжтой болно учир нь инфляц зорилтот түвшиндээ очсоны дараа хувьцаа, үл хөдлөх, зээлийн мөчлөгт өсөх юм. Дүгнэж хэлэхэд, зөөлөн газардалт эерэг харагдаж болох ч бодлогын хүүгийн өсөлт, америк долларын ханш чангарах зэргийг тоохгүй орхиж болохгүй. Иймд хөрөнгө оруулагчид эдгээр эрсдэлээс багцаа хамгаалах талаар ямагт бодож байх хэрэгтэй.

  • Нэрлэсэн бонд, Европын үл хөдлөх хөрөнгө, хэрэглэгчдийн зарцуулалтын түвшнээс ихээхэн хамаардаг компаниудын хувьд таатай нөхцөл.

  • Голлох салбарын биш, дунд зэрэглэлийн үнэлгээтэй компаниудын хувьцаа зах зээлийн дунджаас дээгүүр өсөлт үзүүлэх магадлалтай.

  • Хөрөнгө оруулалтын сангууд жилийн эхээр сонирхолтой боломжуудыг санал болгоно.

Таамаг 3: Өрийн дарамттай холбоотой хямрал (10% магадлалтай)

Өрийн дарамттай холбоотой хямрал хөгжингүй ба хөгжиж буй эдийн засгуудад гүн бөгөөд удаан хэлбэрээр ажиглагдаж магадгүй. Байгууллагууд зах зээл дээр дампуурах нь олширч, сул засаглалтай улсууд дарамтад орно. Өрийн дарамттай холбоотой хямрал нь аж ахуйн нэгжийн болон өрхийн зардлыг өргөн хэмжээгээр танахад хүргэдэг тул төв банкнууд бодлогын хүүгээ огцом бууруулж, инфляц мөн дагаад буурна.

Хөрөнгө оруулалтын хураангуй: Өрийн дарамттай холбоотой хямрал болгоомжтой байхад хүргэх боловч боломжууд байсаар байна. Тогтмол өгөөж өгдөг урт хугацаатай болон "найдвартай" валютуудад хөрөнгө оруулах нь ирээдүйтэй боловч эрүүл мэнд, дэд бүтэц гэх мэт урт хугацаанд өгөөжөө өгөх суурь салбарт хөрөнгө оруулах нь таатай хэвээр.

  • Ихэнх төрлийн хөрөнгө оруулалтын эрсдэлээ багасгах шаардлага үүснэ.

  • Хугацаа, найдвартай байдал, тогтмол өгөөжид анхаарлаа хандуул.

  • "Найдвартай" валют ба алт таатай хөрөнгө оруулалт байх болно.

Таамаг 4: Аль нь ч биш (10% магадлалтай)

Энэхүү хувилбарт АНУ-ын эдийн засгийн өсөлт тогтвортой хэвээр байх ба Европынх эсрэгээрээ сэргэнэ. Суурь инфляц удаан хугацаанд тогтвортой хэвээр байх бөгөөд төв банкны зорилтот түвшнээс нэг юм уу хоёр нэгжээр давснаар нь мөнгөний бодлого боловсруулагчдыг бодлогын хүүгээ өсгөхөд хүргэнэ.

Хөрөнгө оруулалтын хураангуй: Энэ хувилбар нь сонсогдож байгаагаасаа илүү олон янзын байж болно. Зээлийн хүү өндөр эсвэл бүр өсөх нөхцөлд хувийн зээлийн зах зээл дээрх хөвөгч хүүтэй зээлд хөрөнгө оруулах нь ашигтай байх ба дунд зэргийн үнэлгээтэй компаниуд, түүхий эд ч өгөөжтэй байх магадлалтай. Нөгөө талаас үл хөдлөх хөрөнгийн зах зээл, дахин санхүүжилт татах сонирхолтой компаниуд, засгийн газрын болон хөрөнгө оруулалтын зэрэглэлийн бондуудад таатай бус.

  • Европын экспортлогчид сайн ажиллаж, хөгжиж буй зах зээлийн өсөлт хурдсах төлөвтэй.

  • Дунд зэрэглэлийн компаниуд 2023 оны өндөр өсөлттэй хувьцаануудыг давах магадлалтай.

  • Бонд болон хуучин зээлтэй компаниудын хувьд дахин санхүүжилтийн хүү өсөж хүндээр тусаж магадгүй.

2024 ОНЫ I УЛИРЛЫН ХЭТИЙН ТӨЛӨВ: ХӨНГӨН САВЛАГАА БА ЗӨӨЛӨН БУУЛТ

Манай судалгааны шинжээчид 2024 онд дэлхийн эдийн засаг удааширна гэж таамаглаж байгаа ч ажилгүйдлийн түвшин хамгийн бага түвшинд хүрч, томоохон улсуудын инфляц цаашид буурах хандлагатай байна. Энэ нь шууд утгаараа тогтворжиж байна гэсэн үг биш боловч зөөлөн буултын хэлбэр гэж ойлгож болно.

1. Дэлхийн эдийн засаг гайхалтай тэсвэртэй байлаа

Хоёр тив дэх хоёр дайн, удаан хугацаанд ажиглагдаагүй бондын ханшийн уналт, АНУ-ын банкны салбарын хямрал, төв банкнуудын хатуу бодлогыг үл харгалзан хөгжингүй улсуудын эдийн засаг сайн үзүүлэлтээрээ оны эхэнд гаргасан ихэнх таамаглалуудыг давсан.

Манай шинжээчид 2024 онд АНУ 1.2%, Европын бүс 0.3%, Хятад 4.4% тус тус өснө гэж таамагласан. Энэтхэгийн хувьд дахин 6%-иас дээш өсөлт үзүүлнэ гэж харж байна. Хятадад хэрэглэгчдийн итгэлгүй байдал, хүн ам зүйн өөрчлөлт, орон сууцанд хэт их хөрөнгө оруулалт хийсэн зэрэг нь өсөлтөөс хойш татах магадлалтай. Гэхдээ ирэх саруудад дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэл рүү чиглэсэн хөрөнгө оруулалт, мөнгөн урамшуулал олгох зэрэг бодлого авч хэрэгжүүлж магадгүй.

Манай шинжээчид ирэх онд дэлхийн эдийн засаг 2.6%-иар өснө гэж таамаглаж байна. Энэ нь энэ оны эхэнд таамаглаж байсан 3%-иас буурсан үзүүлэлт боловч бизнесийн мөчлөгийн хувьд таатай нөхцөл болохыг дурдах нь зүйтэй.

2. Инфляц буурах ёстой ч мөнгөний бодлогыг зөөлрүүлэх явцад эрсдэл учруулахаар хурдан биш

Эрэлт сул хэвээр, ажилгүйдлийн түвшин нэмэгдэж байгаа тул Евро бүсэд үнийн дарамт багасна гэж манай шинжээчид үзэж байна. 2025 он гэхэд үндсэн инфляц 2.3% хүрнэ гэж тооцоолжээ.

Ирэх оны эцэст хувийн хэрэглээний зардлын үндсэн инфляц (PCE) 2.8% хүрч үнэ харьцангуй тогтворжих магадлалтай. ХНС нь АНУ-ын эдийн засаг яваандаа суларна гэж үзээд богино хугацаанд өсөлтийг нь дэмжиж байна. Ингэснээрээ дараа жилийн бодлогын хүүгийн бууралтыг хойшлуулж байгаа юм. Манай шинжээчид ирэх жил зөвхөн нэг удаа буюу 12 сард ХНС хүүгээ бууруулна гэж таамагласан.

Хэрвээ АНУ-ын төв банк бүтэн нэг жилийн туршид төвийг сахисан байр сууриндаа үлдвэл бидний зүгээс гайхах юмгүй. хажуугаар өнгөрөөвөл манай судалгааны шинжээчид гайхах зүйлгүй. Энэхүү шийдвэрт улс төр нөлөөлөхгүй нь мэдээж. Гэхдээ ерөнхийлөгчийн сонгуулийн хүрээнд Төв банк ямар нэг байдлаар улс төрийн яриа хэлэлцээнд оролцохгүй байхыг илүүд үзэх болов уу.

Эх сурвалж:

3. Хувьцаа бондоос илүү таатай харагдаж байна

Хоёр улирал дараалан манай шинжээчид хувьцаа болон бондоос илүү бэлэн мөнгийг илүүд үзэж байсан. Харин одоо хувьцааг бондоос илүүд үзэж байна. Тийм ээ, хувьцаанууд тийм ч хямд биш байгаагаас гадна 2024, 2025 онд S&P500-ийн орлого хоёр оронтой тоогоор өснө гэдэг дэлхийн ДНБ-ний өсөлт удаан байхад хэтэрхий өөдрөг таамаглал. Гэхдээ манай шинжээчдийн үзэж байгаагаар мөчлөг доод цэгтээ хүрсэн нь үнэн бол хөрөнгийн зах зээл 2024 онд уналтыг даваад гарч чадна.

Үүний зэрэгцээ хөгжингүй эдийн засагтай орнуудын төсвийн үзүүлэлтүүд маш муу байна. АНУ л гэхэд ойрын хэдэн жилийн хугацаанд олон их наяд долларын алдагдал хүлээж магадгүй болсон бөгөөд тэр үед нь сүүлийн арван жилийн ЗГҮЦ-ны гол худалдан авагчид болох ХНС ба урсгал тэнцлийг ашигтай байлгаж байгаа Азийн эдийн засгийн идэвх суларсан байх болов уу.

Манай судалгааны шинжээчид дэлхийн хөрөнгийн зах зээл 2024 онд дундаас хамгийн өндөр хүртэл нэг оронтой тоогоор хэмжигдэх өгөөж өгч, үндсэн тогтмол орлогоосоо давна гэж харж байна.

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД

🛢️ ОХУ-ын газрын тосны ихэнх экспорт БНХАУ ба Энэтхэг рүү чиглэж байна.

🏘️ БНХАУ-ын үл хөдлөхийн хямралтай холбоотойгоор төмрийн хүдрийн ханш сүүлийн 18 сарын дээд цэгээс уналаа.

ЭДИЙН ЗАСГИЙН ХУАНЛИ

01.04 Пүрэв гараг:

АНУ Ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо: тус үзүүлэлт өсөх хандлагатай байгаа бөгөөд ажилчдын тоо багассанаар цалингийн өсөлт удааширч инфляц буурах сайн талтай.

01.05 Баасан гараг:

АНУ Ажилгүйдлийн түвшин (12 сар): сүүлийн үеийн чиг хандлага, янз бүрийн таамаглал дээр үндэслэн 12 сард АНУ-ын ажилгүйдлийн түвшин 3.9% -иас 4.0% орчим байх төлөвтэй байна.

КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 📅

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор

Та тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт сонирхож байвал доорх холбоосоор орж, мэдээллээ үлдээнэ үү. Бид тантай тун удахгүй эргэн холбогдох болно.

Холбоо барих утас: 96407073, 86035457, 90081088